Заримдаа бясалгалын үед надад мөнхийн тухай бодол орж ирдэг. Хүн төрөлхтөн мөнхөд амьдарч ирсэн бөгөөд мөнхөд оршин амьдрах болно гэж мэдрэгддэг. Гэвч энэ мэдрэмж надад тааламжтай сайхан байдаггүй. Харин ч зовиуртай байдаг. Өөрийгөө би бусад юм бүхнээс ондоо, ганцаардмал амьдарч байна гэж мэдэрдэг. Энэ хорвоо дэлхий гэж оршихоо байсан юм шиг, ухаан бодлынхоо хүчээр хорвоо дэлхийг устгаж сүйтгээд орь ганцаараа үлдчихсэн юм шиг мэдрэгддэг. Ийм бодлоосоо болж би маш их шаналдаг. Тэгээд буруу бясалгаад байгаа юм уу гэдгээ асууя гэсэн юм.
Бясалгал үйлдэх үедээ та өөрийгөө ганцаардсан гэж мэдэрч байгаа нь чухамдаа хүний ганцаардал биш юм. Та орь ганц Бурханыг харсан хэрэг. Тэрхүү Нэгэн бээр бүгдийн дотор бий агаад Түүнийг Браахман буюу хоёрдогч үгүй Нэгэн хэмээн нэрийддэг. Өөрийгөө ганцаараа байна гэж мэдрэхдээ та санамсаргүйгээр тэрхүү Оройндээд Нэгэнтэй нэгддэг. Гэвч бие, тамир, ухаан тань илэрхий хувирч өөрчлөгдөөгүй тул тэрхүү орь ганцаараа орших төлвөөс айдаг. Энэ бол үнэндээ ганцаардал бус, Нэгдлийг мэдэрч буй мэдрэмж. Та бодит ахуйг харж, юм бүхний дотор түгэн оршсон Нэгэнийг мэдэрч байгаа юм.
Бясалгал үйлдэх үед тань юу тохиолдож байна вэ гэвэл заримдаа тэмүүлэл тань зорьсон зорилгодоо хүрэхээсээ өмнө зогсчихдог. Зүрхний тань гал дээшээгээ бадамлан асах боловч төдий л өндөрт хүрэлгүй зогсчихдог. Хэрэв тэмүүлэл тань юунд ч алгасарч сааталгүй аажим аажмаар зогсолтгүй өөдлөн ассан бол ердийн доод ухамсрынхаа түвшинд ганцаардлыг мэдрэхгүй байх байсан. Тэгэхээр юунд ч саатдаггүй тууштай тэмүүлэлтэй болохыг хичээгээрэй. Дотоод гүйгч бурханлаг уралдааныхаа барианд заавал хүрэх ёстой.
Сэтгэл зүрхний амьдралын замаар замнаж байгаа учраас та мөнх амьдарч байна гэсэн үг. Тэрхүү мөнх амьдрал тантай бэрхшээл болж тулгараагүй, харин таны урам зориг, тэмүүлэл гэгээрэл тань болдог юм. Чухамхүү мөнх амьдрал л биднийг хэзээ ямагт үхэлгүй мөнх “Би”-гийн зүг хөтлөн явж байгаа бөгөөд тэр бол бидний жинхэнэ “Би” билээ.