Хатуужил гэж юу вэ?
Хатуужил гэдэг бурханлаг чанар. Харамсалтай нь бид тэрхүү бурханлаг чанарыг машид эрхэмлэн хүсэмжлэхийн зэрэгцээ мунхаглан сэтгэж үл хэрэгсэх ажээ.
Хатуужил гэж юу вэ? Хатуужил гэдэг Бурханы ижилгүй Хайр, хариу нэхээгүй Жолоодлогын дотоод итгэмжлэл юм. Хатуужил гэдэг амьдралын догшин шуургыг тэсвэрлэн давахын тул бидний дотор нуугдсан Бурханы Хүч юм.
Цаг хугацаа гэдэг цойлон нисэх шувуу юм. Тэрхүү шувууг тогтоон барьж эзэмдэхийг та хүснэ үү? Өр зүрхнийхээ гүнээ хатуужлын модыг хэрхэн ургуулахын нууц эрдэмд суралцах аваас хамгийн эрхэм мөрөөдөл бүхэн тань үр өгөөжит бодит үнэн болон хувирах болно.
Хатуужил гэдэг Бурханы Тааллын өмнө өөрийгөө огоорох чин сэтгэлийн огоорол юм. Энэхүү огоорол нь мэдээжээр эдүгээ таны хэн буйг илэрхийлэх эгэл “би”-г тань оргүй болгоно гэсэн үг бус харин хязгаарт ахуйг тань хэтийдэн давж хязгааргүй “Би” болгон хувиргахуй билээ.
Хатуужлын эрдмийг гаднаас хүчлэн оноож болдоггүй юм. Хатуужил гэдэг бол таны дотоод баялаг, цэцэн билиг, амар амгалан, агуу ялалт юм.
Хатуужил тэвчээр маань хэзээ ч “энэ бол бүтэхгүй хэрэг” гэх мэтээр бидний зоригийг мохоох үг хэлэхгүй. Эсвэл бид бэлэн биш байна, эсвэл цаг нь болоогүй байна гэдгийг л тэр хэлдэг. Өөрсдийгөө бид бэлэн болсон гэж үзэж магадгүй боловч хамаг орших ахуй тэр чигээрээ бэлэн болох учиртайг ухаарах хэрэгтэй.
Хатуужил тэвчээртэй байна гэдэг нь идэвхгүй, хөдөлгөөнгүй байхын нэр биш. Энэ бол эрчтэй, хурдтай чанар. Хатуужил тэвчээрээр бид дотоод хүч чадлаа нэмэгдүүлдэг. Шийдмэг зориг бий бол хатуужил тэвчээрийг олж авахад түвэггүй гэдэг нь үнэн. Түүнчлэн хэрэв бидэнд хатуужил тэвчээр бий бол дотоод шийдмэг зориг маань ч бас хөгжих болно.