SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Залбирал

Залбирал үйлдэхдээ та юу гэж хэлдэг вэ? Хэнтэй ярилцдаг вэ? Бусдын төлөө, хүн төрөлхтний төлөө, энх тайвны төлөө та залбирдаг уу? Хэрэв тэгдэг бол хэрхэн залбирдаг вэ?

Залбирал хэрхэн үйлдэх вэ? Өр зүрхнийхээ нулимстайгаа залбирал үйлдэх хэрэгтэй. Ямар газар залбирал үйлдэх вэ? Ганцаараа байхдаа залбирал үйлдэх хэрэгтэй. Хэдийд залбирал үйлдэх вэ? Дотоод сэтгэл маань залбирал үйлдэхийг хүсэх яг тэр мөчид залбирал үйлдэх хэрэгтэй. Яагаад залбирал үйлдэх хэрэгтэй байдаг юм бэ? Энэ бол асуулт бүхнээс чухал асуулт юм. Эрмэлзэж тэмүүлсэн эгээрлийг маань Бурхан биелүүлээсэй гэж хүсч байгаа бол залбирал үйлдэх хэрэгтэй.

Залбирал үйлдэхдээ би Оройндээдтэй хүүрнэн ярилцдаг. Гуйлгачин хүн эзэн хаантайгаа, балчирхан хүүхэд өвөг эцэгтэйгээ ярилцаж байгаа юм шиг ярилцдаг. Ухамсаргүйгээр байж болох хэдий ч би дөрөв таван настайгаасаа залбирал бясалгал үйлдэж эхэлсэн. Сэтгэл зүрхний аяллаа ухамсартайгаар эхэлснээсээ хойш зөвхөн өөрийгөө төгөлдөржүүлэхийн төлөө төдийгүй хамаг хүн төрөлхтөн хотлоороо дотоод амар амгаланг олж, эв нэгдэлтэй болоосой хэмээн залбирах болсон. Одоо миний үйлдэх залбирал бүхэн бусдын төлөө, хүн төрөлхтний төлөө, энх тайвны төлөө чиглэдэг юм.

Хамгийн дээд ертөнцөөс үзвэл “би” болон “бусдын” хооронд өчүүхэн ч зааг ялгаа байдаггүй. Бурхантай ухамсартайгаар нэгдсэнээсээ хойш цорын ганц “хүн” байдгийг би ухаарах болсон. Түүний амьдрал хэмээвээс миний орчлон дахинтай нэгдсэн амьдрал минь юм.
Залбирал бясалгал үйлдэхдээ Бурхантай өөрийнхөө эх хэлээрээ ярилцах нь зохимжтой. Яагаад гэвэл төрсөн цагаасаа суралцсан эх хэл тань таны энгийн, ариун, чин сэтгэлтэй бурханлаг амьдралын тань салшгүй нэгэн хэсэг болсон юм. Тиймээс эрэлчин хүмүүс ялангуяа өсөх наснаасаа сурсан эх хэлээрээ Бурханд залбирах хэрэгтэй.

Бурханд залбирах, Бурханы таалсанчилангаар хөдөлмөрлөх хоёрын аль нь дээр вэ?

Энэ асуултанд хариулж байгаадаа би баяртай байна. Энэ бол маш чухал асуулт. Хариулт нь маш энгийн юм. Бурханд залбирах, Бурханы таалсан ёсоор хөдөлмөрлөх хоёр нь хоёулаа туйлын чухал. Хоёулаа тойрч гаршгүй эрхэм зорилгод хүргэнэ. Тэрхүү зорилго нь Бурханы гэгээрэл юм.

Бурханыг магтаж дуулах, бүхнийг чадагч Бурханаас хичээнгүйлэн гуйх, “Таны Тааллаар болог” хэмээн Түүний юм бүхнийг хүлээн зөвшөөрөх – эдгээрийн аль нь хамгийн сайхан залбирал вэ?

Бид “Таны Тааллаар болог” хэмээн залбирахдаа өгүүлж хэлэхийн аргагүй чадвар мөхөс, мунхаг дорой байдлаа ухамсарлахын зэрэгцээ, Бурханы цаглашгүй Нигүүлсэл, Энэрэл Хайрыг бас ухаардаг. Бидний мунхгийн харанхуй маань ёроолгүй гүн учраас юу нь бидэнд зохимжтой сайн бэ гэдгийг мэдэхгүйгээ бид хүлээн зөвшөөрдөг. Сэтгэлийг ханамжтай болгохын оронд гунигтай болгож мэдэх буруу зүйлийг хүсч магадгүй гэдгээ бид ухаардаг. Тиймээс ч өөрсдийгөө хайрладгаас маань ч илүү биднийг энэрч хайрладаг бурханлаг Эцгээсээ бид амьдралыг маань жолоодон залж, бидний өмнөөс шийдвэр гаргаж байхыг хүсэмжлэн гуйдаг.