SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Зөгнөл

Ирээдүйд юу тохиолдохыг урьдчилан мэдэх нь хүний хүсэл сонирхолд саад тотгор болно гэж та үздэг үү?

Болох явдлыг урьдчилан мэдэх нь хүний хүсэл сонирхолд гарцаагүй саад тотгор болно гэсэн хатуу хууль байхгүй. Ер нь зөгнөн харсан зүйлдээ хэрхэн хандах нь тухайн хүний мэргэн ухаанаас хамаарах зүйл. Ирээдүйд болох зүйлийг урьдчилан мэдэх нь тустай байж болох хэдий ч тийм чадвартай болохыг хүсч Бурханд залбирах нь төдий л сайшаалтай хэрэг биш ээ. Ерөөсөө Бурханы Тааллыг биелүүлэхийн төлөө залбирах нь хамгийн зүйтэй юм.

Ирээдүйн тухай мэдэх нь сайн уу?

Хэрэв мэдсэн зүйлдээ мэргэн ухаанаар хандаж, тэвчээртэй итгэлтэй байж чадвал ирээдүйн тухай мэдлэг нь тухайн хүндээ сайнаар нөлөөлнө. Амьдралд тань тун удахгүй тааламжгүй явдал тохиолдох гэж байгааг та урьдчилан мэдсэн гэж саная. Нэгэнт урьдчилан мэдсэн болохоор түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Бурханд залбирах боломж танд нээгдлээ гэсэн үг.

Түүнчлэн урмыг бадраасан бурханлаг, гэрэл гэгээтэй сайхан явдал тохиолдох гэж байгааг мэдсэн бол та чин зүрхнийхээ талархлыг Бурханд өргөж, тэрхүү сайхан явдлыг аль болох түргэн биелүүлэхийн төлөө Бурханд залбирна. Адис ерөөлийг нь үнэхээр үнэлж биширдгийг тань хэрэв Бурхан тольдон харах аваас залбирлыг тань сонордож, тэрхүү үйл явдлыг наашлуулах болно.
Хэрэв Бурхан танд дотоод мэлмий хайрлаж, ирээдүйг мэдэх чадвартай болгосон бол энэхүү чадварыг зөвөөр хэрэглээрэй. Зөн билгийн мэлмийтэй боловч түүнийгээ болгоомжтой, зөвөөр хэрэглэдэггүй хүмүүс бий. Тиймээс ч ирээдүйд болох гамшигтай явдлын тухай зөгнөн хэлэхдээ хамгаалал гэгээрлийг хүсч залбирахад хүмүүсийг урамшуулахын оронд олны дунд айдас түгшүүрийг төрүүлдэг.