SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Бэрхшээл

Бидний амьдралд яагаад саад бэрхшээлтэй асуудлууд тохиолддог вэ?

Хориг саад таныг давшингуй хурдан болгодог. Хориг саад таны харах нүдийг хурцалж өгдөг. Хориг саад танд хатуужил тэвчээрийн утгыг ойлгуулдаг. Хориг саад танд өөртөө итгэх хүчийг өгдөг. Амьдралын алхаанд төгөлдөр зөв яваасай гэсэндээ хориг саад биднийг дотоод сэтгэл рүү маань хөтөлдөг. Хүний энэхэн төрлөө гэгээрүүлж мөнхжүүлээсэй гэсэндээ хөгжил дэвшил биднийг урагш залж хөтөлдөг.

Хөгжил дэвшил дэлгэрэхийн цагт дотоод хүч маань намуун тогтуун оршдог. Хориг саад тулгарахын цагт дотоод хүч маань давшингуй хурдан болдог. Хүн төрөлхтний урагш хийсэн алхам бүхэн нь хөгжил дэвшлийн инээмсэглэл ба хориг саадын нулимс хоёроос түрлэг авсан болохыг хэн ч үгүйсгэж чадахгүй.

Хоосон ядуу амьдрал гэдэг нүгэл бишийн адил хориг саад ч бас нүгэл биш билээ. Хэн ч үгүйсгэж дийлшгүй нэгэн гавъяа түүнд бий. Тэрээр биднийг дотроо хүчтэй болоход маань тусалдаг юм. Дотроо хүчтэй болох тусмаа бид гаднаа улам гэгээтэй болдог.

Бэрхшээл тулгарахад би түүнийг өөрөө шийдэж чаддаггүй. Найз нөхөд, аав ээж маань ч яах нь хамгийн зөв болохыг мэддэггүй.

Юу нь хамгийн зөв болохыг мэддэг нэг хүн бий бөгөөд тэр хүн бол Дээдгэгээн юм. Дээдгэгээн гэдэг бол бодол санааны төөрөгдлөөс төрсөн хийсвэр зүйл бус. Түүнийг нүдээрээ харж, үгийг нь сонсож, Түүнтэй хамт хооллох ч боломжтой. Тэрбээр таны цорын ганц Эцэг төдийгүй мөнхийн Анд тань билээ. Бүх хариуцлагаа Түүнд өгөх хэрэгтэй.

Түүний Мэлмий биднийхээс хавьгүй тунгалаг, Түүний Сонор биднийхээс хавьгүй соргог билээ. Үгийг маань сонсох чөлөөгүй хүмүүст л бид хандаж үгээ хэлдэг. Харамсалтай нь тэр үгийг маань бэлхнээ сонсох нэгэн “хүн” байгааг бид мартчихдаг. Тэр бол Дээдгэгээн билээ. Үгийг маань сонсоход Тэрбээр хэзээд бэлхэн байдаг боловч бид Түүнтэй ярилцдаггүй.

Хэрэв та бэрхшээлд хэрхэн хандахыг мэддэг бол түүний тэн хагас нь арилж одно. Харамсалтай нь бид ихэнхдээ бэрхшээлээс зайлсхийж, түүнээс холуур тойрч гарахыг хичээдэг. Бэрхшээлтэй тулгарах нь гэмт хэрэг биш атал бид яагаад түүнтэй тулгарахаас айдаг юм бэ? Ямар нэг тааламжгүй зүйл тохиолдоход бид шууд л өөрсдийгөө буруутанд тооцдог маань бидний дутагдал юм. Эргэн тойронд маань сөрөг чанартай бурхангүй харанхуй хүч байдгийг санах хэрэгтэй.

Өөрсдийгөө бид буруутгаад, нуугдаж далд орохыг хичээдэг. Тийнхүү тулгарсан бэрхшээлийг шийдэхгүй орхидог. Чухамдаа бид асуудал бэрхшээлтэй нүүр тулан тэмцэж, өөрсдөө үнэхээр буруутай эсэхээ ялгаж салгах ёстой. Асуудал бэрхшээлээ шийдвэрлэхийн тулд бид сэтгэл зүрхний амьдралын замаар замнаж, дотоод хүчээ бататгаж, тэмүүллээ нэмэгдүүлж, үл хоргодохуйн сэтгэлийг олох ёстой. Аажим аажмаар дотоод хүч маань нэмэгдэж их болохын цагт сул чанараас шалтгаалж үүдэх бэрхшээлээ бид өөрсдөө шийдвэрлэх чадвартай болно.

Хэцүү бэрхийг ялж давсан даруйд тэр нь илүү нарийн, өндөр түвшинд дахин давтагдахыг та анзаарна. Урьд нь тэмцэж ялсан сул чанар тань улам нарийн аргаар таны эсрэг зогсож байгаа нь тэр юм.