SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Жапа

Жапа гэж юу вэ?

Тарнийг олон дахин давтан дуудвал тэр нь жапа болно. Хэрэв та ариусахыг хүсч байгаа бол өнөөдөр Бурханы алдрыг таван зуун удаа дуудаарай. Үүнээс хойш тоогоо өдөр бүр зуу зуугаар ахиулж давтаарай. Өөрөөр хэлбэл Бурханы алдрыг маргааш зургаан зуу, нөгөөдөр долоон зуун удаа гэх зэргээр давтаарай. Энэ мэтээр явсаар долоо хоногийн дараа Бурханы алдрыг мянга хоёр зуун удаа давтана. Үүнийхээ дараа өдөр бүр зуу, зуугаар бууруулж таван зуу хүргээрэй. Энэ дасгалыг долоо долоо хоногоор үелэн нэг л сар гүйцэтгээрэй. Тэр цагт таныг хүссэн ч, эс хүссэн ч хорвоо дэлхий танд нэгэн шинэ нэр хайрлах болно. Тэр таныг Ариун гэж нэрлэх болно. Дотоод чихээрээ та энэ нэрийг сонсох болно. Энэ нь таны хамгийн эрхэм нандин төсөөллөөс ч давуу байх болно.

Юу ч байлаа гэсэн биднийг бүү түгшээн зовоог. Бие махбодын ариун бус байдал өр зүрхний аяндаа ундран гарах ариун чанарыг санагдуулж байг. Өчүүхэн дорой бодлууд маань дотоод хязгааргүй тааллыг маань санагдуулж байг. Ухааны маань төгөлдөр бус чанар нь сүнсний хязгааргүй төгс чанарыг санагдуулж байг.

Өнөөгийн ертөнц ариун бусаар дүүрэн ажээ. Ариун чанар гэдэг нь харийн ертөнцийн олдошгүй эрдэнэс мэт ховор болжээ. Тэрхүү ариун чанарыг олж авна гэдэг тун бэрх хэрэг боловч түүнийг нэгэнт олсон бол амар амгалан биднийх болно, амжилт бүтээл биднийх болно.

Бурхан танигдаагүй байж болох хэдий ч хэзээ ч танигдашгүй биш билээ. Залбирал бясалгал маань биднийг тэрхүү танигдаагүйд хөтөлж хүргэх болно. Бид эрх чөлөөг хүсэмжлэн уйлдаг боловч дотоод гүндээ хэмжээлшгүй их эрх чөлөөг агуулж яваагаа ухаардаггүй нь нэн хачирхалтай.