SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Баясгалан / Ананда

Хэтийдсэн Баясгалан бол энэ дэлхийд илэрхийлэгдэж тунхаглагдаагүй үлдсэн бурханлаг чанаруудын нэг мөн гэж та нэгэнтээ хэлсэн. Яагаад тийм байгаа юм бэ?

Хамгийн дээд ертөнцөд Оршнол–Ухамсар–Жаргалан гэж бий бөгөөд түүнийг бид Сатчидананда хэмээн нэрийддэг билээ. Сат бол Оршнол, Чид бол Ухамсар, Ананда бол Баясгалан. Ухамсар нь аливаа бүгдийн эх сурвалж бөгөөд өөрөө тэр Баясгалан болон Оршнолгүйгээр, дангаараа оршиж чаддаггүй. Оршнол үгүй бол Ухамсар үгүй. Оршнол Ухамсар хоёр байх аваас “Би”–г гүйцэлдүүлэн биелүүлэхийн тулд Жаргалан хэрэгтэй.

Тэргүүлэшгүй цагаас нааш агуу сэтгэл зүрхний Багш нар Сат, Чид хоёр чанарыг буулган ирж байсан. Харин Анандаг буулгаж ирнэ гэдэг маш хэцүү. Зарим нь түүнийг огт буулгаж ирж чадаагүй бол зарим нь буулгаж ирсэн ч тэр нь энд хэдхэн секунд эсвэл хэдхэн минут саатаад эргэж дээшээгээ одсон. Амгаланд бид хүрэх боломжтой, Амгаланг бид буулгаж ирэх чадалтай. Гэрэл болон Хүчийг түвэггүйхэн буулгаж ирэх чадалтай. Гэрэл болон Хүчийг түвэггүйхэн буулган ирж болдог. Харин бидний гадаад болон дотоод ухамсрыг үхэлгүй мөнхжүүлэх эрдэмтэй тэрхүү Баясгалан хэмээгч нь энэ дэлхийд буун ирж, байр сууриа олоогүй байна. Тэрээр энэ дэлхийд бууж ирэх боловч хорвоогийн төгөлдөр бус чанар дэндүү их байгааг харах тул саатан үлдэж чадалгүй эргээд явчихдаг.

Дотоод сэтгэлдээ нэлээд өсөж хөгжсөн хүмүүс хүртэл эндүүрч төөрөлдөх нь элбэг. Тамирын ертөнцөөс үүдэх дотоод онгодыг тэд мэдрэх боловч, үүнийгээ жинхэнэ Баясгалан байна гэж эндүүрдэг. Үнэндээ тийм байдаггүй. Жинхэнэ Баясгалан бол хамгийн өндөр дээд ертөнцөөс сүнсэнд бууж ирэх бөгөөд сүнснээс эхлээд хамаг ахуй бүгдийг эзэмддэг.

Ананда бол биеийн жаргал буюу зугаа цэнгэл гэж нэрлэдэг тэр зүйлээс тэс ондоо чанартай. Оройн дээд Баясгалан гэдэг зугаа цэнгэлээс тэс ондоо. Түүнээс өчүүхэн багыг хүртлээ гэхэд хамаг дотоод ахуй тэр чигээрээ хүүхэд мэт ариухан сэтгэлээр хөгжилдөн баясаж, бүжих агаад гадаад ахуй байдал нь өөрийнхөө дотор жинхэнэ Үхэлгүй Мөнхийг мэдэрнэ. Хэрэв та энэхүү Баясгаланг ганц хормын төдийд ч гэсэн мэдрэх аваас насан туршдаа мартахгүй, дурсан санах болно. Эргэн тойронд минь тэр чигээрээ сансрын Наадам, сансрын Жүжиг явагдаж байна. Орчлон ертөнц тэр чигээрээ дотоод болон гадаад баяр баяслаар бялхан байна. Гэгээрэлд хүрэх үедээ зүрх сэтгэлдээ бид тэрхүү үргэлжийн Баясгаланг илэрхийлэн тунхаглах гарцаагүй шаардлагатайг ухаарах ёстой. Тэрхүү Баясгалан хурцаар гэрэлтэн гийх боловч шатаахгүй, асар их эрчтэй боловч туйлын зөөлөн, тааламжит сайхнаар илбэн урсах Рашаан лугаа адил билээ.