Таны хувьд нүгэл гэдэг нь ямар утгатай вэ?
Миний хувьд нүгэл гэдэг бол нэгэн төрлийн төгс бус, мунхаг харанхуй чанар. Энэ нь заавал үзэшгүй, хүрч болшгүй муухай зүйл байх албагүй. Эволюцийн явцдаа бид төгс төгөлдрийг зорьж байгаа ч, одоогоор хүмүүсийн ихэнх нь мунхгийн зугаа цэнгэл болон зоргоороо амьдралд автсан байна. Нэгэнт харанхуй мунхгийн дотор байгаа хүн буруу зүйл хийж, нүгэл үйлдэх л болно. Гэвч тэр хүн өөрийгөө тэр чигээрээ харанхуйд автаж, ул мөргүй төөрөлдсөн гэж үзэж болохгүй. Тийм хүн өчүүхэн бага Гэрлээс бүр их Гэрлийг зорин хөгжиж дэвшиж, хэтдээ төгөлдөр бус мунхгийн нүглээс ангижран чөлөөлөгдөх болно.
Нүглээс хүн хэрхэн чөлөөлөгдөх вэ? Чөлөөлөл гэнэт ирдэг үү?
Гагцхүү Бурханы байнгын Элбэрлийг шившин дуудсаныхаа үрээр нүглээс чөлөөлөгдөх боломжтой. Бурханы Элбэрэл хэзээ ямагт асгаран буух их хур бороо мэт дээрээс асар их хүчээр бууж ирдэг боловч ихэнх хүн түүнээс нь хүртэхийг эрмэлздэггүй. Өөрийгөө мунхгаас ангижруулж, Бурханы Нигүүлслийн хурыг хүртэхийг хүсч байгаа хүн төгөлдөр бус нүглийн занганаас гарцаагүй чөлөөлөгдөх болно. Гэхдээ энэхүү чөлөөлөл нь эрэлчин хүн аажим аажмаар гэгээрэхийн хирээр аажим аажмаар биеллээ олдог. Хэдийгээр заримдаа өдөр шөнө солигдохын зуур хувирал хүрээд ирдэг ч гэсэн ийм учрал гэв гэнэт хүрээд ирнэ гэж найдаж хүлээх хэрэггүй юм.