SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Огоорол

Сэтгэл зүрхний огоорлын тухай хэлж өгнө үү?

Өнөөгийн ертөнц бие даасан бодгал чанарыг хүсдэг. Энэ нь эрх чөлөөг шаарддаг. Гэвч жинхэнэ бодгал чанар хийгээд эрх чөлөө нь гагцхүү Бурханы дотор оршин амьсгалж чадна. Огоорол болбоос Бурханы Зүрхнээ ядрал үгүй амьсгалах сүнсний амьсгал билээ.

Хүний бодгал чанар харанхуйн дотор хашхиран байдаг. Хорвоогийн эрх чөлөө амьдралын цөлд уйлан байдаг. Харин хамгийн дээд огоорол нь, тэнгэрлиг Бодгал чанар хийгээд Эрх чөлөөний дууг Дээдгэгээний Өвөрт, орчлон ертөнц даяар дуулан байдаг.

Огоорлоос бид өөрийгөө мэргэн болоод зогсохгүй Үнэний эзэд болж чадна гэсэн сэтгэл зүрхний хүчийг нээдэг. Энэхүү Үнэн бол бүхнийг чадагч Хүч билээ. Хэрэв туйлын аниргүйд өөрийгөө огоорч чадваас бид өөрсдөө Бодит үнэний Бодит үнэн, Амьдралын Амьдрал, жинхэнэ Хайр, Амгалан, Жаргалангийн Ундарга нь болно.

Балчир хүүхэд хайрыг татдаг. Зүрх сэтгэлийг эзэмдсэн болохоор нь бид түүнийг хайрладаг. Үүнийхээ хариуг түүнээс нэхдэг билүү? Үгүй ээ! Хайрлах шалтгаан нь өөрөө болохоор бид түүнийг хайрладаг. Тэр үнэхээр хайрлам юм. Үүний нэгэн адил Бурханыг ч бас хайрлалтай. Учир нь гэвэл Тэрбээр Өөрөө хайр булаам энхрий билээ. Бурханыг хайрлах аяндаа ундарсан хайр бол огоорол юм. Огоорол өөрөө амьдралд тохиох аугаа хишиг юм. Учир нь биднийг огоороход Бурхан бээр төдөлгүй гуйх байснаас маань хавьгүй их хишгийг хүртээдэг.

Огоорол гэдэг сэтгэл зүрхний ид шид. Нүдээ аньчихаад Бурханыг хэрхэн үзэхийг, амаа нээлгүй Бурхантай хэрхэн хүүрнэхийг тэр бидэнд зааж сургадаг. Оройндээдээс огоорох сэтгэлээ эргүүлэн авах тэр л мөчид айдас хүйдэс биднийг эзэмддэг.

Үйлс бүхэн маань сайшаал магтаал горилохын тулд бус, Бурханыг баясгахын тулд байваас зохилтой. Үйлс бүхнээ бид өрөөл бусдад үзүүлье гэвэл дэндүү нууцлаг, нандин юм. Учир нь үйлс бүхэн маань бидний хувийн ахиц дэвшил, амжилт, гэгээрлийн тулд байдаг.

Бурханы Тааллын өмнө өөрийгөө огоорох нь бидний хэрэгцээнээс бүрэн хамаардаг. Хэрэв бид өөрсдийнхөө амьдралыг утга учиргүй хэмээн үзэж, энэ хорвоогийн орших ахуйгаа Бурханы Тааллын өмнө огоорохоос нааш сэтгэл ханамжтай болохгүй гэдгээ мэдэрч байвал өөрийгөө огоорох боломж бидэнд олдоно.

Өөрийгөө хүлцэнгүйгээр огоорохыг Бурхан биднээс хэзээ ч шаардахгүй. Чухамхүү бид өөрсдөө Бурханыг хайрлаж, агшин бүхэнд Бурханд бишрэлт зүтгэлээ зориулах шаардлагатай юм байна гэдгээ дотроосоо ухаарч мэдрэх ёстой. Аялалаа бид хайраар эхэлдэг. Эгэл амьдралдаа хэн нэгнийг хайрлахдаа бид өөрийнхөө амьдралыг ерөөсөө буй бүхнээ түүнд баяртайгаар зориулдаг. Сэтгэл зүрхний амьдралд ч мөн ялгаагүй, хэрэв бид хязгааргүй Эрдэм ба Гэрлийн биелэл болсон Бурханд үнэхээр хайртай бол өөрийгөө Түүнд бишрэлтэйгээр өргөж зориулна. Тиймээс хайр, бишрэл хоёр үргэлж хамтдаа явах ёстой юм.