Ирээдүйд надад юу тохиолдохыг би мэдэхгүй. Тиймээс хувь заяагаа яаж эргэх бол гэж маш их санаа зовнидог. Ингэх нь зөв үү?
Ийм зүйлд санаа зовних хэрэггүй. Бид Дотоод Жолоодогч Бурхандаа эсвэл сэтгэл зүрхний Багшдаа өчүүхэн ч эргэлзэлгүй итгэвэл зохино. Бидний хувьд хамгийн зөв нь юу вэ гэдийг Бурхан мэдээд зогсохгүй, бидэнд тохирох хамгийн зохимжтой зүйлийг бидний төлөө хийдэг гэдгийг ухаарах хэрэгтэй. Маргаашийг бүү хэл ганц хормын дараа юу тохиолдох гэж байгааг мэдэхгүй учраас бид санаа зовнидог. Өөрсдийнхөө төлөө ямар нэг юм хийхгүй бол бидний төлөө зүтгэх хэн байгаа юм бэ гэж бид боддог. Гэвч өөрсдийгөө бодож байгаагаас маань хязгааргүй ихээр бидний тухай боддог нэгэн Хүн байдгийг санаж хамаг хариуцлагаа Түүнд ухамсартайгаар өргөх нь зүйтэй. “Мөнхийн Эцэг минь, Мөнхийн Эх минь, миний юу хийх, юу хэлэх, хэн болох – энэ бүхний төлөө Та хариуцлага хүлээгээрэй” гэж Түүнд хэлэх хэрэгтэй. Тэр цагт бидний өнгөрсөн, одоо, ирээдүй бүгдээрээ Түүний асуудал болж хувирна. Амьдралынхаа төлөө өөрсдөө хариуцлага хүлээхийг хичээж байгаа учраас бид өрөвдөлтэй байдалд ордог. Хоногийн хорин дөрвөн цагаас хоёрхон минутыг ч бид зөв зарцуулж чаддаггүй. Хэрэв бид өөрсдийгөө Бурханы ухамсарт зэмсэг хэмээн ухаарч, Бурханыг Үйлдэгч гэж үзвэл цаашдын хувь заяаныхаа тухай санаа зовнихгүй, хувь заяанаасаа айхгүй. Яагаад гэвэл Бурханы бүхнийг энэрэгч Мутар нь юм бүхнийг бидний дотор биднээр дамжуулж бидний төлөө үйлдэх болно гэдгийг бид мэддэг.
Орших ахуйгаа тэр чигээр нь өөртөө юу байгаа хийгээд өөрөө хэн байгаагаа тэр чигээр нь Бурханд өргөн барья. Бидэнд юу байна вэ гэвэл Бурханы Дүрийг олж, хязгааргүй Амгалан, Гэрэл, Жаргаланг эзэмдэх тэмүүлэл бий. Бид өөрсдөө хэн бэ гэвэл мунхгийн далай билээ. Тэмүүлэлт мэгшил хийгээд мунхгийн далайгаа Бурханд өргөх аваас бидний бэрхшээл шийдэгдэнэ. Цаашдын хувь заяаныхаа төлөө санаа зовних хэрэг бидэнд үгүй. Хүлцэнгүй огоорлынхоо үрээр бид Бурханы сансрын Таалалтай нэгдэх болно.