Йог гэдэг нь ямар утгатай вэ?
“Йог” гэдэг бол “нэгдэл” гэсэн утгатай үг. Энэ бол хүн ба Бурхан хоёрын нэгдэл гэсэн үг. Бурханы гэгээрэлд хүрэх замдаа хичнээн ахин дэвшсэнийг маань Йог бидэнд хэлж өгдөг. Үүнээс гадна Бурханы сансрын Жүжигт ямар дүрд тоглох ёстойг маань хэлж өгдөг. Эцэст нь хүн бүр энэ дэлхийд Бурханы тэнгэрлиг төлөөлөгч болохыг тэр хэлж өгдөг.
Одоо бүгдээрээ Йогийн арга замын тухай авч үзье. Олон янзын Йог бий. Тухайлбал: Карма Йог (Karma Yoga) буюу үйлсийн зам, Бхагти Йог (Bhakti Yoga) буюу хайр, бишрэлийн зам, Жнана Йог (Jnana Yoga) буюу эрдэм мэдлэгийн зам. Эдгээр гурав нь Йогийн хамгийн чухал замуудад тооцогддог. Үүнээс гадна Йогийн олон төрөл байх боловч эдгээрээс салбарласан юмуу, эдгээртэй ойрхон холбоотой байдаг. Дээрхи гурвыг Бурханы Өргөөний үндсэн гурван үүдтэй зүйрлэж болно. Тааламжтай, хамгийн энхрий дотно замаар Бурханыг үзэж мэдрэхийг хүсвэл Бхагти Йогийн замыг дагах нь зүйтэй. Өөрийгөө огоорсон зүтгэлийнхээ ачаар хүн төрөлхтний дотор залрах Бурханыг ухааран гэгээрэхийг хүсвэл Карма Йогийн замыг дагах нь зүйтэй. Бурханы хэтийдсэн “Би”-гийн цэцэн билэг, алдар сууг ухааран гэгээрэхийг хүсвэл Жнана Йогийн замыг дагах нь зүйтэй.
Йогд хэн ч суралцаж болох уу?
Тийм ээ, Йогд ямар ч насны хүн суралцаж болно. Гэхдээ Йог гэдэг нь яг ямар утгатайг бид ойлгох хэрэгтэй. Харамсалтай нь Йогийг янз бүрийн асана суудал, амьсгалын дасгал мэтээр ойлгодог хүн олон бий. Энэ бол маш өрөвдөлтэй эндүүрэл. Биеэр үйлдэх тэдгээр дасгалууд бол төвлөрөл бясалгалын бэлтгэл шатны зүйлс. Гагцхүү төвлөрөл, бясалгал л биднийг гүн гүнзгий, өндөр дээд, бүрэн дүүрэн амьдралд хөтөлж хүргэнэ.
Йог гэдэг бол жам ёсонд харш, хэвийн бус зүйл биш. Энэ бол жам ёсны, амьдралд ойр дөт, аяндаа биеллийг олох учиртай зүйл. Бурхан хаана байдаг, ямар дүртэй болохыг одоогоор бид мэдэхгүй. Хэрэв Йогийн замаар замнавал Түүнтэй биечлэн уулзана. Сонгож эзэмшсэн мэргэжилдээ шамдаж шаргуу хөдөлмөрлөснийхөө үрээр гадаад ертөнцөд амжилтанд хүрдэг шигээ бид Йогийн эрдэмд шамдсанаараа эрхмийн дээд зорилго болсон Бурханы гэгээрэлд хүрнэ.
Йог нь бидний өдөр тутмын амьдралд тус нэмэртэй байх уу?
Тэгэлгүй яах вэ. Бидний өдөр тутмын амьдралд Йогийн тус нэмэр бий. Чухамдаа Йог л бидний амьдралд хамгийн өндөр дээд тус нэмрийг үзүүлэх ёстой. Хүний амьдрал гэдэг айдас эргэлзэл, бүтэлгүй явдлаар дүүрэн ажээ. Айдсыг мохошгүй зоригоор, эргэлзлийг туйлын тодорхойгоор, бүтэлгүйтлийг алтан амжилтаар солиход маань Йог тусалдаг юм.