SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Манай Зам

Манай зам үндсэндээ ухааны зам бус зүрхний зам. Энэ нь бид ухааны замыг үгүйсгэн шүүмжилж байгаа хэрэг бус. Хэзээ ч үгүй. Зүрхний зам биднийг зорилгод маань илүү түргэн хүргэнэ гэдгийг бид ухаардаг. Зүйрлэбэл би 300 бээрийн газар очих ёстой байлаа гэж бодъё. Тийшээ явган ч очиж болно, нисээд ч очиж болно.

"Алтан Завь" ~Шри Чинмой

Хэрэв онгоцоор нисвэл хүрэх ёстой газраа эргэлзээнгүй хурдан очно. Үүний нэгэн адил эргэлзэгч ухаанаараа бус тэмүүлэгч зүрхээрээ бид зорилгодоо илүү хурдан хүрнэ. Зүрх хэмээвээс хайр юм. Ухаан хэмээвээс бараг үргэлжийн эргэлзэл юм. Зүрх гэж бид бурханлаг хайраар бялхсан сэтгэлийн зүрхийг хэлдэг.

Зүрх бол хамгаас чухал. Учир нь түүний дотор сүнс оршдог. Сүнсний ухамсар үнэхээр бүх биеэр тархсан байдаг ч тэрээр өөрөө чухам зүрхэнд л оршино. Сүнсэнд юм бүхэн бий. Цаглашгүй Амгалан, Гэрэл, Жаргалан бүгд тэнд буй. Эдгээр бурханлаг чанаруудыг бид зүрхний гүнээ сүнснээс шууд хүртдэг. Зүрхнээс энэ бүхнийг ухаан, тамир, бие махбодид хүргэж чадна.

Бурхан болбоос тун ч энгийн. Бид л түүнийг ярвигтай гэж үздэг. Бурхан энгийн хэлээр айлдах хэдий ч бид эс ойлгодог. Бид сая живаа жилээр дүлий мэт байсан. Хөөрхий Бурхан цөхрөлтгүй айлдсан ч Түүний айлдварыг сонсох цаг бидэнд байсангүй.

Манай зам бол энгийн зам. Балчир хүүхэд энгийн байдаг. Тэр эхийгээ хайрладаг. Эх нь түүний хамаг ертөнц болохоор өөр хүнийг хайрлах шаардлага түүнд үгүй аж. Өөрийгөө тэр эхдээ зориулдаг. Эх нь түүнээс ямар нэгэн зүйл хийхийг хүсвэл эхийнхээ үгийг дагана. Эхийгээ л баярлуулах гэж тэр балчирхан хүүхэд бүхнийг хийхийг чармайх нь хичнээн энгийн. Эхийгээ баярлуулснаараа тэр зөв үйл бүтээж дээд зорилгодоо хүрч байгаа юм.

Жирийн амьдралд хэн нэг хүн өөр нэгнийг хайрладаг бол ихэнх цагаа түүнтэй хамт өнгөрөөдөг. Үнэт цагаа нөгөөдөө зориулдаг. Хэрэв энэ нь бурханлаг хайр бус хүний эгэл хайр бол заримдаа нөгөө нь утга учиргүй аашлахад ч түүнд бууж өгдөг. Хайрынхаа хүчээр тэд хоорондоо дотроо ч, гаднаа ч холбогдон аргамжлагдсаны учир тийн бууж өгөх ажээ. Иймээс бие биенээ хайрлахдаа эрүүл ухаанаа гаргуунд нь хаяхад ч бэлэн байдаг.

Харин сэтгэл зүрхний амьдралд огт өөр. Бурханлаг хайр биднийг хэзээ ч үл чөдөрлөнө. Харин ч өргөжүүлж, чөлөөлдөг. Чөлөөлөгдсөнөө харж мэдрэхдээ бид Дотоод Жолоодогчийнхоо төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэсэн бурханлаг дотоод хариуцлагаа ухаардаг. Алив бүхнийг өгөн соёрхож, бурханлаг Хайр Нигүүлслийн бошгийг авчирсан Түүнээс бид хэрхэн хөндий байх билээ? Хариуд нь юу ч өргөхгүй байж болно гэж үү? Гадаад амьдралаа дээдлэн ахуйдаа бид бусдынх байлаа ч гэсэн бүхнийг авч эзэмдэхийг хичээдэг. Харин сүнсээ дээдлэн амьдрахдаа өөртөө байгаа бүхнээ, өөрөө хэн байгаагаа Дотоод Жолоодогчдоо зориулахыг ямагт хичээдэг. Бурханлаг хайр гэдэг өөрийгөө өгөхүй билээ.

Дараагийн хуудас