SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Манай Зам /үргэлжлэл/

Гэвч зүгээр нэг өгч, зүгээр нэг өргөх нь хангалтгүй. Эрчтэй, дотоод шаардлагаас урган гарсан урам зоригоороо бид өгөх ёстой. Өөрийн хийгээд өрөөлийн Дотоод Жолоодогчид бид өгдөг. Бид аливаас хэн нэгэнд өгөхдөө энэ тусламжаар маань гачигдаж байгаа түүний бурханлаг чанарт, түүний доторх Дээдгэгээнд өгч байна гэдгээ ухаарах ёстой. Бурханлаг хайраа хэн нэгэнд өргөхдөө сэтгэл зүрхнээсээ баяртай байх ёстой. Харин бид туслах чадалтай болохоороо л түүнд асар их энэрлийг хүртээж байна, мөн өөрийгөө түүнээс хамаагүй давуу гэж бодох ёсгүй. Огтхон ч үгүй. Харин Өөрийнх нь төлөө зүтгэх гайхамшигт боломжийг Бурхан бээр бидэнд хайрласан гэж үзэх хэрэгтэй бөгөөд дотор нь орших Бурханд зүтгэх боломж олгосон хүндээ талархах ёстой. Өөр бусдыг сонгож болох байсан хэдий ч Дээдгэгээн биднийг сонгомол зэмсгээ болгосонд бид талархах учиртай. Түүний төлөө зүтгэх албанд томилогдсондоо бид үргэлжийн талархалтай явбал зохино. Ийм бишрэл болбоос бидний харамгүй зүтгэл билээ.

Дараагийн шат нь огоорол билээ. Үүнийг эзнийхээ өмнө өөрийгөө огоорох боолын огооролтой адилтгаж үл болно. Өөрийгөө ямагт хэмээн сэтгэх учир эзэн нь боолныхоо дутагдлыг байнга хайна. Гэвч Дээдгэгээний тухайд юм бүхэн ондоо. Тэрээр бидэнтэй харьцахдаа бидний төгс бусыг өөрийнхөө төгс бус гэж үздэг. Тэрээр биднээс алдаа олж үзвэл үүнийг Өөрийнхөө алдаа гэж үзнэ. Бид төгөлдөр бус хэвээрээ байхад Бурхан бээр Өөрийгөө хэзээ ч төгс төгөлдөр гэж үздэггүй. Бурхан болбоос бүхнийг мэдэгч, бүхнээс хүчит, бүхэнд оршигч гэдэг нь үнэн. Гэвч газар дэлхий дээр тунхаглагдах төгөлдөрийн тухайд бол Бурхан бээр миний дотор, таны дотор, бүхний дотор төгс бус болохоо тольдон үздэг. Төгс төгөлдөр нь дэлхий дээр биелэлийг олоогүй л байна. Бидэнд юу ч үгүй, бид өөрсдөө юу ч биш гэдгээ тов тодорхой мэдсэнээрээ бид Бурханы өмнө өөрийгөө огоордог. Хэрэв бид өөрсдийн хоосон ахуйгаа Түүнд өргөвөл Дээдгэгээний сонгомол зэмсэг болж, Түүний Төгөлдөрт бидний гүнээ цэцэглэх боломжийг олгодог.

Хайр, биелэл, Бурхан гурав ямагт хамтдаа явдаг. Гүйцэлдээгүй, биелээгүй, илэрхийлэгдээгүй, гэгээрээгүй бүхэнд Бурхан хэзээ ч ханамжтай байхгүй. Тэр биднээс гэгээрэл, илэрхийлэл тунхаглал, төгөлдөржлийг хүсч байна. Хэрэв тэр бүхэн энэ амьдралд гүйцэлдэхгүй бол бидэнд дахиад олон олон төрөл хэрэгтэй болно. Бурхан хэзээ ч хэнийг ч гэгээрээгүй биелэгдээгүй хэвээр үлдэхийг эс таална. Одоо таны Бурханы гэгээрэлд хүрэх цаг ирсэн. Маргааш анд найзад тань гэгээрэлд хүрэх цаг ирнэ. Нөгөөдөр ондоо нэгний гэгээрэлд хүрэх цаг ирнэ. Хүн бүхэнд бидний нэрлэдгээр “Бурханы сонгосон Цаг” хэмээх нэгэн цаг бий. Хүн бүр Бурханы сонгосон цагт Бурханы гэгээрэлд хүрэх нь гарцаагүй. Үнэн гэж юу болохыг мэдэхийн тулд тоолшгүй олон ном унших хэрэггүй гэсэн утгаараа манай зам илүү хялбар, үр дүнтэй гэж бид үздэг. Үнэн хэрхэн илэрдгийг мэдэхийн тулд өдөр бүр оюун ухааны дасгал хийх огт хэрэггүй! Үнэн бидний дотор орших агаад гадагш илрэн гарахыг эрмэлзэн уйлж байна. Харамсалтай нь бид үүдээ түгжээд Үнэн илрэн гарахыг зөвшөөрөхгүй байна.

Өмнөх | Дараах