SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Манай Зам /үргэлжлэл/

Хэрхэж бид Үнэнийг гяндангаас гаргах билээ? Хайрын хүчээр гаргаж чадна гэдгийг дахин хэлье. Хэнд хайраа зориулах учиртай вэ? Бурханд. Бурхан гэж хэн бэ? Бурхан хэмээвээс бидний дотор орших гэгээрсэн дээд нь юм. Ондоо хэн ч биш, юу ч биш. Би толгойтой бас хоёр хөлтэй. Зүйрлэвээс толгой минь миний дээд хэсгийг илэрхийлж байхад хоёр хөл минь миний хамгийн доод мунхгийн харанхуйг илэрхийлнэ. Хамгийн дээд, доод хоёул минийх гэдгийг би мэднэ. Хувирч, чөлөөлөгдөж, биелэхийн тулд доод нь дээш нэвтрэх ёстой. Нээгдэж, тунхаглагдахын тулд дээд нь доош нэвтрэх учиртай.

Манай замд адилтгал гэдэг маш чухал. Дээд нь доодтойгоо төгс нэгдмэл болохоо ухаарах ёстой. Доод нь дээдтэйгээ төгс нэгдмэл болохоо ухаарах ёстой. Дээд нь доодтойгоо үргэлжид бүрэн нэгдмэл байдгийг энд өгүүлэх юун. Гэтэл айдас, эргэлзэл, атаархал зэргээсээ болж доод нь дээдтэйгээ нэгдэхэд асар хэцүү байдаг.

Манай замаар замнахад ямар зайлшгүй шаардлага байдаг вэ? Энэ шаардлага бол бусад сэтгэл зүрхний болон урлагийн байгууллагад тавигддаг шаардлагатай адилгүй. Эдгээр байгууллагуудад магад та байнга төлбөр төлөх ёстой болдог. Харин та нарт тавих шаардлага минь ондоо юм. Хэрэв та миний дотор ямар нэгэн юм үзэж, миний дотор гэрэл гэгээг мэдэрч байгаа бол бас тэгээд манай замаар замнахыг хүсвэл дагаж болно гэдгийг хэлье. Үүнд мөнгө огт шаардлагагүй. Та надад тав арван доллар, ер нь юу ч өргөх шаардлагагүй. Энд таны тэмүүлэл, сэтгэл зүрхний амьдралдаа хир зэрэг чин сэтгэлтэй, тогтмол хандлагатай байх нь чухал юм. Хэрэв та чин сэтгэлгүй бол хурдан гүйж чадахгүй. Чин сэтгэлтэй, зүтгэлтэй бол хурднаас хурдан гүйж чадна. Манай замд та бүхнээс миний хүсэх юм гэвэл бясалгалаа тогтмол үйлдэж, тэмүүлэл, чин сэтгэлийн дотоод дуудлагатай байх явдал билээ. Шавь нараасаа би үүнээс илүү зүйлийг хүсдэггүй.

Манай зам бол зүрхний зам бас хүлээн зөвшөөрөх зам. Бид энэ дэлхийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэв Хималайн агуйд эсвэл уулын оройд суугаад зөвхөн өөрийн дэвшил, ханамжийн төлөө уйлан байх аваас энэ дэлхийн төлөө юу ч хийхийг хүсэхгүй байгаагийн илрэл. Зүйрлэвээс ах дүүс нь өлсөж цангаж байхад өөрөө хүссэнээрээ идэхтэй адил юм. Ингэх нь огт сайн хэрэг биш. Хэрэв би үнэхээр хүн юм бол ахан дүүстэйгээ хамт хооллох ёстой. Хамтдаа хооллож гэмээ нь бид үнэнхүү ханамжийг олдог.
Яг үүнтэй адил жинхэнэ сэтгэл зүрхний Багш хүмүүсийн өмнө хооллож, тэрхүү сэтгэлийн идээнээс хүн төрөлхтөнтэй хуваалцахыг өөрийн үүрэг мөн хэмээн ухаардаг. Гэтэл хүн төрөлхтний олонх нь сэтгэлийн идээ хүртэхийг үл хүсэн нойрсож, дотоод өлсгөлөнгөө мэдрэхгүй байвал сэтгэл зүрхний Багш яах билээ? Цөөн ч болов, өлсгөлөнгөө мэдэрсэн чин сэтгэлт эрэлчид байвал сэтгэл зүрхний Багш тэднийг ийн дуудна: “Идээ бэлэн байна. Бүгдээрээ хамтдаа хооллоцгооё.”

Хүлээн зөвшөөрөхүйн манай замд энэ дэлхий төгөлдөржлөөс алс хол байгааг бид мэдэх хэрэгтэй. Газар дэлхийн ухамсрыг хүлээн зөвшөөрөөгүй бол түүнийг хэрхэн төгөлдөржүүлэх билээ? Хэрэв хэн нэгэн хүн өвчин зовиуртай бол би түүнд засал хийх учиртай. Тэгвээс өвчин илаарь болно. Үүний нэгэн адил энэ дэлхийн нэгээхэн хэсэг ч төгс бус байвал тэнд би тэмүүлэл, халамжаа хүргэх ёстой. Зөвхөн тэр л цагт түүнийг хувиргаж чадна. Дэлхийн ухамсар бүрэн гэгээрээгүй цагт би дотоод ухамсраараа дэлхий дээр амьдарч, хүн төрөлхтний төлөө зүтгэхийг чармайх болно

Шри Чинмой "Багш шавь хоёр"

Өмнөх