Бие бол зуурдын настай, сүнс харин үүрдийн настай. Тийм атал бие махбодын хэрэгцээ юундаа байдаг юм бэ?
Сүнс мөнх, бие мөнх бус гэдэг нь үнэн. Гэхдээ бид хамгийн чухал гурван зүйлийг ухаарч мэдэх хэрэгтэй. Нэгдүгээрт Үнэний биелэл, хоёрдугаарт Үнэний илрэл, гуравдугаарт Үнэний тунхаглал – эдгээрийг ухаарч мэдэх ёстой. Зөвхөн энэ дэлхий дээр л сүнс өөрийнхөө цаглашгүй амгалан, гэрэл, жаргалан зэрэг бурханлаг чанараа бие махбодоор дамжуулж илэрхийлэн тунхаглах боломжтой. Энэ дэлхий бол тунхаглал ба гэгээрлийн ертөнц. Ондоо ямар нэг гараг ертөнц, давхаргад бус зөвхөн энэ л дэлхий дээр Бурханы гэгээрэлд хүрэх боломжтой. Тийм ч учраас Бурханы гэгээрэлд хүрэхийг эрмэлзэгч хэн бүхэн энэ дэлхийд ирэх ёстой. Сүнс нь биеийг олж, биелэн төрөх ёстой. Яагаад гэвэл сүнсний бурханлаг чанарыг илэрхийлэн тунхаглахад бие махбод хамгийн чухал үүрэгтэй байдаг.
Нэг талаас үзэхэд сүнс нь биеийг орхиод явахад бие амьгүй болж үхнэ. Нөгөө талаас сүнс өөрийгөө илэрхийлж тунхаглахыг хүсвэл биеийн дотор байж, биений тус дэмээр түүнийгээ гүйцэтгэх шаардлагатай. Тэгэхээр хүсэл эрмэлзэл маань чухам юу вэ гэдгийг бид ухаарч ойлгох хэрэгтэй. Хэрэв бид бие махбодыг үгүйсгэж, түүнийг үгүй болгохыг хүсвэл сүнс юу хийж чадах билээ? Биеийг орхиод явахаас өөр замгүй болно. Хэрэв бид энэ дэлхийд байх хугацаандаа ямар нэг амжилтанд хүрэхийг хүсвэл, мөн энэ дэлхий дээр Диваажингийн Ороныг гарцаагүй цогцлоон бүтээх шаардлагатай гэж үзэж байвал үүнийг бие махбодын ухамсарт туслалцааны ачаар гүйцэтгэх учиртай. Бие бол сүнсний зэмсэг. Ката Упанишадад өгүүлснээр, “Сүнс бол Эзэн, бие бол сүйх тэрэг, шалтгаан буюу оюун ухаан нь хөтөч, бодол санаа нь жолоо цулбуур” ажээ. Биед сүнс хэрэгтэй, сүнсэнд бие хэрэгтэй. Хамгийн өндрөөс өндөр, гүнээс гүн Үнэнийг ухаарч танихын тулд биед сүнс хэрэгтэй. Хамгийн өндрөөс өндөр, гүнээс гүн Үнэнийг илэрхийлж тунхаглахын тулд сүнсэнд бие хэрэгтэй.