Бурхан гэж хэн бэ? Бурхан хүн хоёр хоорондоо ямар хамааралтай вэ?
Бурхан хүн хоёр гэсэн энэ л үг мөнхийн асуулт болно, мөнхийн хариулт нь ч болно. Бурхан хэмээвээс амь Амьсгал бөгөөд тэрхүү Амьсгал хүний дотор бий. Хүнд нэгэн зорилго бий агаад тэрхүү зорилго нь Бурхан юм.
Бурханыг та яагаад үргэлж Эцэг дүрээр нь төсөөлж ярьдаг юм бэ?
“Эцэг” гэж хэлэхдээ би Эх Бурханыг орхигдуулдаггүй. Бурхан бол арга ба билиг. Христ ямагт “Эцэг” гэж ярьдаг байсан болохоор Өрнөдийнхөнд “Эцэг” гэдэг ойлголт нь илүү танил дотно байдаг. Тиймээс л би Бурханыг “Эцэг” гэж нэрлэдэг. Дорно дахинд Бурханы билиг чанарыг онцгойлох нь олон. Бид Дээдгэгээн – Бурхан Эхийн тухай боддог. Үнэндээ бол Тэрбээр арга ч биш, билиг ч биш. Тэрбээр аль алиных нь чанадад оршдог юм. Тэрбээр мөнхөд хэн бэ гэвэл Зөн билиг ба Бодит үнэн. Тэрхүү Бодит үнэн бээр арга билгийн аль алиных нь чанадад оршихын зэрэгцээ, арга билгийг хоёуланг нь илэрхийлж байдаг.
Бурханыг хэрхэн баярлуулах вэ?
Бурханыг хэрхэн баярлуулах вэ? Өөртөө юу байгаа хийгээд өөрөө хэн болохоо бүгдийг нь Түүнд өргөн барьснаараа би Түүнийг баярлуулж чадна. Надад юу байна гэвэл талархал бий. Би өөрөө хэн бэ гэвэл урамшил юм. Хэрэв би Түүнийг улам их баярлуулахыг хүсч байгаа бол өөрийнхөө амьдралыг хэзээ ч урам хугалсан бүтэлгүйтэл гэж бодох ёсгүй. Харин Түүний хэзээ ямагт үзэж, туулж буй туршлага болохыг ухаарах ёстой. Хэрэв би Түүнийг зөвхөн нэг л аргаар бус амьдралын алхам бүрт баярлуулъя гэвэл Бурхан бээр миний гадаад болон дотоод амьдралыг Түүний амь амьсгалын эгшиг аялгуу гэж үздэгийг ухаарах ёстой, Түүний туйлын дээд төгс Төгөлдөр байдал руу улам дөтлөн ойртож яваа эгшиг аялгуу гэж үздэгийг ухаарах ёстой. Тэрбээр миний амьдралын тухай ингэж үздэгээрээ надаас ялгаатай юм.
Бурханы тухай таны ухагдахуун ямар байдаг вэ?
Бурхан бээр хэлбэр дүрстэй, мөн хэлбэр дүрсгүй, түүнчлэн шинж чанартай бас шинж чанаргүй. Хэрэв хүн Бурханыг цаглашгүй Гэрэл, Баясгалангийн дүрээр харахыг хүсвэл Бурхан бээр түүнд хүссэн ёсоор нь цаглашгүй Гэрэл, Баясгалан болж үзэгдэнэ. Хэрэв тэрээр Бурханыг хамгийн үзэсгэлэн төгөлдөр, цог жавхлант дүрээр харахыг хүсвэл Бурхан бээр тийм л дүрээр заларч ирнэ.