SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Мөнх

Мөнх болон мөнх амьдралын тухай хэлж өгнө үү?

Сүслэлт хүн болохынхоо хувьд сүнс үхдэггүй болохыг би дотоод гэгээрлийнхээ хүчээр хэлж чадна. Мөнх гэдгээ бид мэднэ. Бид Бурханаас ирсэн. Бурханы өмөг дор аж төрнөм. Бурхан болон торниж, Бурханыг биелүүлэхээр зэхнэм. Амьдрал, үхэл гэдэг хоёр өрөөтэй адил юм. Амьдралаас үхэлд хүрнэ гэдэг нэг өрөөнөөс нөгөөд орно гэсэн үг. Одоо байгаа өрөө минь бол зочны өрөө. Энд би тантай хүүрнэлдэж, тантай хамт бясалгал үйлдэж, таныг харан баясдаг. Би энд ажиллаж, хөдөлмөрлөж амьдрах учиртай. Харин унтлагын өрөөндөө бол унтаж амарна. Тэнд байхдаа өрөөл бусадтай уулзах шаардлагагүй. Зөвхөн өөрийнхөө төлөө байдаг.

Бурханы Цаглашгүй Амьдралаас бид ирсэн билээ. Цаглашгүй энэ амьдрал тавь жаран жилийн богино хугацаагаар дэлхий дээр оршино. Бид хорвоогийн хязгаарт амьдралыг туулна. Гэвч хорвоогийн цагаар хэмжигдсэн энэ амьдралын дотор цаглашгүй Амьдрал бий. Хэсэг хугацааны дараа тэрхүү Амьдрал тав, арав, магадгүй бүр хорин жилээр үхлийн хонгилыг туулна. Биднийг хонгил руу ороход биенээс сүнс хальж, урт юмуу богино хугацаагаар амрахын тул өөрийн орноо буцна. Хэрвээ хүн сэтгэл зүрхний замаар замнаж байсан бол түүний сүнс, үхлийн өмнө оршсоор ирсэн, үхэх төрөхийн хооронд оршсон, үхлийн дараа ч орших Бурханы Мөнх амьдралтай эргэн учрах агаад үхлийн хязгаарыг даван гарна.

Хэдийгээр бид энэ хорвоод байвч тэмүүлэл, бясалгалын ачаар Мөнх Амьдралын оронд хүрч чадна. Гэвч зөвхөн хязгааргүй амьдралын босгыг алхсанаар түүнийг эзэмшиж чадахгүй. Ухамсартайгаар түүнд хувирах хэрэгтэй. Бясалгалын амьдралаа эхэлсэн бол эцэстээ бясалгалын салшгүй хэсэг нь болох хэрэгтэй. Эргэх хоногийн хорин дөрвөн цагт тасралтгүй бясалгал үйлдэх чадвартай болсноор төгсгөлгүй Амьдралын амьсгалаар амьсгалах боломжтой. Бид дотоод ухамсраар сүнстэйгээ нэгддэг. Биеийг шүтэн амьдрахуйд үхэл биднийг үргэлж мөшгөнө. Ухаан санааг маань айдас довтлоход, тэр даруй бид үхэлтэй учирдаг. Элдэв муу юм үзэгдэх төдийд л бид үхэлтэй учирдаг. Өдөрт хэчнээн удаа үхнэ вэ бид! Айдас, эргэлзэл, гутрал хэмээгч нь дотоод оршнолыг маань үргэлжид үгүй хийж байна. Гэвч сүнсээ шүтэн амьдрахуйд үхэл гэгч нь үл оршино. Гагцхүү бидний тэмүүлэлт амьдрал хийгээд ухамсрын маань байнгын дэвшил оршино.