Тэвчих сэтгэлийн тухай хэлж өгнө үү?
Сэтгэл зүрхний амьдралын үүднээс авч үзвэл тэмүүлэгч хүн хорвоогийн амьдралыг орхиж тэвчих шаардлагагүй юм. Тэвчих сэтгэл гэдэг нь гэр бүлээ орхин явж, нийгэм болон хүн төрөлхтнийг хайхарч үзэхгүй байхын нэр юм бол өнөөдөр юуг ч тэвчиж орхисон байсан маргааш ондоо нэг зүйл замд маань хөндөлсөн гарч ирэх болно гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр бидэнд гэр бүл маань саад болж байгаа бол маргааш анд нөхөд маань, нөгөөдөр эх орон маань, нөгөөдрийн маргааш эх дэлхий маань саад болох болно. Ийм байдлаар явбал бидэнд орхиж тэвчих зүйл дуусахгүй.
Сэтгэл зүрхний амьдралын замаар замнагч хүн зарим нэг зүйлийг орхиж тэвчих шаардлагатай нь гарцаагүй юм. Юуг тэвчих ёстой вэ? Айдас, эргэлзэл, төгс бус байдал, мунхгийн харанхуй, үхэл мөхөл – эдгээрийг л тэвчих ёстой. Хүмүүсийг бус, Бурхантай нэгдэхэд саад тотгор болж байгаа чанаруудыг бид тэвчих ёстой. Сэтгэл зүрхний амьдралын замд орсныхоо ачаар эдгээр чанаруудыг тэвчиж, хувирган өөрчлөх боломж бидэнд олддог.
Бурханы гэгээрэлд хүрэхийн тулд хорвоогийн амьдралыг орхиж явлаа гэж хэлэх хүн байвал тэр хүн эндүүрч байгаа юм. Өнөөдөр хүн төрөлхтнийг орхиод явлаа гэхэд эрж хайж байгаа Бурхан нь хаа ч үгүй болохыг ухаарна. Яагаад гэвэл Бурхан бээр хүн төрөлхтний дотор заларч байдаг юм. Хүн төрөлхтний дотроос Бурханыг олж харахад түүнд юу саад болно вэ гэвэл өөрийнх нь үзэл хандлага саад болж байгаа юм. Хүн төрөлхтний дотроос Бурханыг олж харахын тулд тэрээр өөрийнхөө болон хүн төрөлхтний хооронд татагдсан мунхгийн хөшгийг яран нээх ёстой. Тэрхүү хөшиг ярагдахын цагт юуг ч тэвчих шаардлагагүй болно. Тэрээр Бурханыг энд болон чанадын оронд байгааг нь харж, мэдэрч өөрөө Бурханы дотор оршин амьдрах болно.