SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Туршлага

Бидний үзэж туулдаг туршлага бүхэн зуурдын чанартай юу?

Үзэж туулсан туршлагаа бид гадаад ертөнцөд нарийвчилж, нэгбүрчлэн санаж чаддаггүй. Туршлага маань хэдэн хоног үнэн бодит байх боловч удахгүй арчигдаж үгүй болдог. Яагаад гэвэл тэр маань бидний жирийн ухамсарт хадгалагдаж үлддэггүй юм. Гэхдээ түүний охь чанарыг дотоод ертөнцдөө бид хадгалж үлддэг. Дотоод ертөнцөд юм бүхэн үүрд хадгалагддаг.

Йогуудын үзэж туулдаг туршлагууд нь хүмүүсийн эгэл амьдралдаа үзэж туулдгаас ондоо байдаг уу?

Сэтгэл зүрхний Багшийн намтар нь бүхэлдээ дотоод ертөнцөд бичигдсэн байдаг гэж Шри Ауробиндо хэлжээ. Эгэл жирийн хүний намтрыг нээж үзвэл олон мянган хуудас ном байж мэднэ. Харин түүний дотоод амьдралын тухай бичье гэвэл ганц хуудас ч дүүрэхгүй биз ээ. Сэтгэл зүрхний Багшийн дотоод амьдралын тухай олон зуун хуудас ном бичиж болох хэдий ч, тэр бүхэн нь бичигдээгүй байдаг. Сэтгэл зүрхний Багш дотоод ертөнцөд үйл хэргээ явуулах агаад өдөр бүхэн зуу зуун онцгой чухал туршлагыг үзэж туулж өнгөрүүлнэ. Багшийн дотоод туршлагууд нь түүний амьдралын давамгайлах гол туршлагууд байдаг бол эгэл хүнд дотоод туршлага маш цөөхөн тохиолддог.

Бурханы гэгээрэлд хүрэхэд янз бүрийн туршлагууд зайлшгүй хэрэгтэй байдаг уу?

Үгүй. Зорьсонд хүргэх олон зам бий. Нэг дэх нь хоёр талаар жирэлзэн өнгөрөх үзэсгэлэнт цэцэгстэй байхад нөгөө нь ердөө хэдхэн цэцэгтэй гурав дахь замд бүр огт цэцэг үгүй байж болно. Хэрвээ гурван эрэлчин сүнснийхээ хэрэгцээ, шаардлагын дагуу гурван өөр замаар замнах юм бол аян замдаа янз бүрийн туршлагыг үзэж туулсаар зорьсондоо хүрэх нь лавтай.

Аливаа туршлага танд өөртөө итгэлтэй байх хүчийг өгдөг нь гарцаагүй үнэн. Мөн асар их баяр баясгаланг авчирч, алсын алс руу урагшлан одоход тань таныг зоригжуулж, эрчимжүүлнэ. Тийнхүү аливаа туршлагыг үзэж мэдэрч байх үедээ өөрийг тань Үнэний гэрэл рүү чиглүүлэгч үл үзэгдэх Хөтөчийг та мэдэрч болох юм. Түүний үрээр та бүрэн төгс гэгээрэлд хүрэх боломжийг олж болох юм. Гэвч ямар ч туршлага үзэж туулалгүйгээр бүрэн төгс гэгээрэлд хүрэх боломж бас бий. Бурхан болж хувирах хүртлээ өргөжин тэлэх ухамсар нь өөрөө бат бөх туршлага юм.