SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Дотоод амгалан

Дотоод амар амгалангийн тухай хэлж өгнө үү?

Дотоод амгалангийн төлөө ямар ч төлөөс ихэднэ гэж үгүй. Амгалан гэдэг,зохицонгуй аргаар амьдралыг хянахуй юм. Амгалан өөрөө амьдралын эрчимээр бялхан байдаг. Тэр бол чухамдаа хорвоогийн мэдлэг бүхнийг маань түвэггүй даван гарах хүч билээ. Гэвч тэр,бидний хорвоогийн амьдралаас ангид байдаггүй. Хэрэв бид дотоод зөв замыг нээж чадвал тэрхүү амар амгалан яг энд, яг одоо биеллээ олж чадна.

Амгалан гэдэг үүрдийнх. Амгаланг олоход хэзээ ч хожимдохгүй. Цаг хугацаа хэзээд үүнд бэлхэн байдаг. Хэрэв бид Мөнхийн Амгалан болсон Эх-Ундаргаасаа хагацан салаагүй бол өөрийн амьдралыг жинхэнэ үр өгөөжтэй болгож чадна. Дотоод амгалангаа алдах нь хүнд учрах хамгийн золгүй учрал билээ. Ямар ч гадаад хүч түүнийг булаан авч эс чадна. Зөвхөн өөрийнх нь бодол санаа, үйл хэрэг нь түүний амгаланг булаан авч оддог юм.

Амгалан гэдэг амьдрал юм. Амгалан гэдэг үүрдийн Жаргалан юм. Зовнил хэмээгч нь ухаан, тамир, биед оршино. Түүнийг авах, гээх нь бидний мэдлийнх. Тэр бол амьдралд алгасашгүй чухал юм биш. Бүхнийг чадагч Эцэг маань Өөрөө Дүүрэн Амгалан болохоор, бид бүгдийн залгамжлан өвлөх өв ч бас Амгалан билээ. Өөртөө хүртсэн алтан боломжийг үл ойшоон буруугаар эргүүлж, хожмын гэмшил харууслаа улам бүр ихэсгэх нь Хималай уулын чинээ их алдаа болно. Бид яг өнөөдөр, яг энд өдөр тутмын ажил үйлсээ бүтээж байхдаа өөрийгөө болон өр зүрх, сүнсээ Амгалангийн Далайд умбуулах эсэхээ шийдэх учиртай. Амьдралын их аяны эцэст, амгалан өөрөө түүнд хүрээд ирнэ гэж сэтгэх хүн машид алдаж байгаа хэрэг. Сэтгэл зүрхний амьдрал буюу бясалгалгүйгээр амгаланг олно гэж найдаж суух нь шимгүй цөлд ус эрэхээс юуны ялгал байх билээ.

Бид өрөөлийн гэм бурууг эрэхээ больсон цагт л амгаланг олно. Хамаг дэлхийд бид элгэмсэг дотно хандах учиртай. Хэрэв өрөөл бусдын өө сэвийг мөшгөн хөөсөөр байвал бид ч өөрсдөө тэдний дутагдалтай хутгалдана. Ингэлээ гээд бидэнд өчүүхэн ч тус нэмэр болохгүй. Цаашлах тусам, өрөөл бусдын алдаа дутагдлууд нь ондоо бие, ондоо ухааныг эзэмдсэн хэдий ч яг өөрийн маань алдаа дутагдал мөн болохыг олж мэдэх нь нэн гайхалтай. Харин Бурханыг, Бурханы Нигүүлслийг, Бурханы Тэнгэрлиг чанарыг бодох аваас Үнэний мэлмий маань улам бүр нээгдэнэ. Хүн төрөлхтнийг нэгэн гэр бүл юм хэмээн ухаарах, дотоод сэтгэлийн төгс гэгээрэлдээ бид хүрэх ёстой билээ.

Дотоод амар амгаланг олохын тулд хүн юу хийх ёстой вэ?


Их бага ямар ч байдлаар өрөөл бусдаас юу ч бүү горьдож хүлээ. Бяцхан үр нь хариуд нь юу ч өгч чадахгүйг мэдэх эх хүн адил өгөөд л, өгөөд л байгаарай. Хүмүүсээс юу ч бүү горьдож хүлээ. Хүмүүсийг зөвхөн энэрэн хайрлаж, өөрийнхөө хүч чадал, дотоод баялаг, баяр баясгалангаа хүн төрөлхтөнд зориул. Өөртөө байгаа бүхнээ хариу горилж хүлээлгүй өг. Ямар нэг зүйлийг горьдож хүлээвэл урам хугарч хоцроход л хүрнэ. Яагаад гэвэл хүн төрөлхтөн таныг ойлгохгүй, анзаарч тоохгүй. Аливаа зүйлийг хариу горьдож хүлээх сэтгэлгүйгээр хийвэл ухаан бодол тань амар амгалан байх болно. Энэ бол нэг зам.

Ондоо нэг арга гэвэл үүрдийн баяр баясгалан, энэрэл хайрын өлгий болсон зүрхэндээ төвлөрч бясалгах арга юм. Бясалгал үйлдэхдээ та өрөөл бусдаас сайшаал магтаал хүлээж суухгүй. Харин хязгааргүй амгалан, жаргалан, энэрэл хайрын ундарга болсон дотоод Эх булгаас хамаг бүхэн тань хамаарах болно. Дотоод амар амгаланг олох хамгийн сайн арга нь зүрхэндээ төвлөрч бясалгах арга юм.