Эс үнэмших нь яагаад үнэмшихээс амархан байдаг юм бэ?
IЭс үнэмшинэ гэдэг уруудахын нэр, үнэмшинэ гэдэг өгсөхийн нэр. Уруудах нь өгсөхөөс амархан байдгийн адил эс үнэмших нь үнэмшихээс амархан байдаг юм.
Эс үнэмшинэ гэдэг эвдэж сүйтгэхийн нэр, үнэмшинэ гэдэг эвлүүлж бүтээхийн нэр. Эвдэж сүйтгэх нь эвлүүлж бүтээхээс амархан байдгийн адил эс үнэмших нь үнэмшихээс амархан байдаг юм.
Эс үнэмшинэ гэдэг өөрийгөө дөвийлгөсөн ухаан бодлын минь үйлдэл, үнэмшинэ гэдэг өөрийгөө өгөгч өр зүрхний үйлдэл. Тийм болохоор эс үнэмшинэ гэдэг үнэмшихээс амархан байдаг юм.
Бид яагаад үнэмшдэггүй вэ? Эс үнэмшихийн учир гэвэл бид нэгдлээс айдаг, саруул уудмаас айдаг. Ийм л учраас үнэмшдэггүй. Саруул уудмын дотор яваад орчихвол бие даасан ахуй оршихуйгаа гээчихнэ гэж бид айдаг. Гэвч үнэндээ саруул уудмын дотор нэвтрэн орвол ухамсар маань өргөжин тэлдэг юм. Харамсалтай нь бид үгүйсгэж болшгүй энэ үнэнийг мартдаг.
Бодит үнэн болсон Бурханд үнэмшиж итгэхгүй байлаа ч Тэрбээр хувирч үл өөрчлөгдөнө. Гэвч үнэмшиж итгээгүйн уршгаар биднийг улам чанга хүлж аргамжлах боломж мунхгийн харанхуйд олддог юм. Үнэмшиж бид Бурханд итгэхийн цагт хамгийн хүчирхэг чадал эрдмээ бидний дотор, бидний биеэр дамжуулан илэрхийлэх боломж Бурханы Нигүүлсэлд олддог юм.
Сэтгэл зүрхний амьдралд улам гүн нэвтрэх тусмаа бид үнэмших, эс үнэмшихийн хүч чадлыг улам сайн ойлгодог. Эс үнэмшинэ гэдэг гагцхүү эвдэж сүйтгэхийн нэр. Үнэмшинэ гэдэг чухамхүү шинэ бүтээл цогцлоохын нэр. Үнэмших бүртээ бид дотроо болон гаднаа шинэ бүтээл цогцлон бүрэлдэж байгааг хардаг. Бид нэг алхамаар урагш ахиж дотоод итгэлээ улам нэмэгдүүлэх аваас дотор маань байх хүн төгөлдөржиж, дотор маань байх сүнс чөлөөлөгдөхийг харах болно.