SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Тэмүүлэл

Тэмүүлэл буюу таны нэрлэдгээр “Бурханыг хүсэмжлэн өлсөх өлсгөлөн”-г хэрхэн нэмэгдүүлж ихэсгэх вэ?

Бурханы Хайр, Нигүүлсэл, Адис ерөөлийг хүсэмжлэх дотоод сэтгэлийн жинхэнэ өлсгөлөнг өдөөж сэрээхийг эрмэлзэх нь хамгийн чухал зүйл билээ. Түүнийг нэмэгдүүлж ихэсгэх хоёр арга зам бий. Ээжийгээ дуудан уйлах балчир дорой хүүхэд шиг Бурханыг дуудаж уйлах нь нэг зам юм. Нөгөө нь үйлс зүтгэл бүхнээ Бурханд баяртайгаар зориулах зам билээ. Эдгээр хоёр замын алинаар нь ч замнасан ялгаагүй, хүн өөрөө дотоод ертөнцөд үнэнхүү хөгжиж дэвшдэг юм.

Хүсэл, тэмүүлэл хоёрын ялгаа юу вэ?

Хүсэл гэдэг дүрэлзэн ассаар эцэс сүүлдээ бид бүгдийг залгих шидтэй догшин гал юм. Тэмүүлэл гэдэг нууцлаг ариун чанараар ухамсрыг маань дээш өргөсөөр эцэс сүүлдээ бид бүгдийг чөлөөлөх эрдэмтэй гэгээн дөл юм. Оройндээдийг хүсэн цангаж буй нь тэмүүлэл. Хөлгүй гүн ёроолыг хүсэн цангаж буй нь сүйрэл. Хүсэл бол горьдлого. Горьдлого үгүй бол гутрал үгүй. Хүсэл мөхөж устахын цагт үнэнхүү баяр баясгалан бүрэлдэн дэлгэрдэг. Тэмүүлэл бол хүлцэнгүйгээр өөрийгөө огоорохын нэр. Огоорол гэдэг нь ухамсартайгаар Бурханы Таалалтай нэгдэхийн нэр.

Дотоод тэмүүллээ ихэсгэж арвижуулахын тулд цаг хугацааг хэрхэн зөв зохистой ашиглах вэ?

Та бол эрэлчин хүн. Залбирал, төвлөрөл, бясалгал үйлдэх үедээ хором агшин бүр, урьд сэтгэл зүрхний амьдралын замаар замнаж эхлэхээс тань өмнө байснаас хязгааргүй чухал болохыг ухаарч мэдрэх хэрэгтэй. Ирмэх төдий агшинг та бясалгалд зориулах боломжтой, эсвэл хов жив ярьж, ариун бус, бурхангүй харанхуй зүйлийн тухай бодоход зориулах боломжтой.

Гэгээрэлд түргэн хүргэх ямар нэг тусгай зам бий юу?

Нэг тусгай зам бий. Тэр бол ухамсарт тэмүүллийн зам. Нэн тэргүүнд Бурхан байх ёстой. Тэмүүлэл буюу дотоод мэгшил маань бие, тамир, ухаан, зүрх, сүнснээс үүдэх ёстой. Сүнс мэдээжээр цаг үргэлж тэмүүлж ирсэн билээ. Хүний бие, тамир, ухаан, зүрх нь үүнийг ухамсарлан мэдэх хэрэгтэй. Ахуй хэсгүүд маань бүгдээрээ ухамсартайгаар тэмүүлэх аваас чөлөөлөлд хүрэх цаг маань түргэсэн наашлах боломжтой болно.

Бид хэрхэн тэмүүлэх вэ?

Зөв төвлөрөл, зөв бясалгал, зөв дияаны замаар тэмүүлнэ. Тэмүүллийн дотор залбирал, бясалгал хоёулаа агуулагддаг. Бясалгалыг хайхарч үздэггүй гэгээнтнүүд Өрнөдөд олон байсан. Тэд залбирлын ачаар Бурханы гэгээрэлд хүрсэн юм. Бурханы гэгээрэлд хүрэхийн төлөө дотроо мэгшин уйлж байгаагаа залбирал үйлдэгч хүн мэдэрдэг. Бурханы ухамсрыг энэ биендээ буулган авчрах хэрэгтэй байгааг бясалгал үйлдэгч хүн мэдэрдэг. Залбирал бясалгал хоёрын ялгаа нь гэвэл: Залбирал үйлдэх үед би үгээ хэлж Бурхан сонордон сонсдог, бясалгал үйлдэх үед Бурхан үгээ хэлж, би Түүнийг сонсдог.