SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Хөгжим ба Сүслэл

Түүний дотоод сэтгэлийн хөгжим нь
Түүний тэмүүллийг,
Түүний гэгээрлийг
Түүний Орчлонгийн Ухамсартай нэгдсэн
Нэгдлийг илэрхийлсэн юм.


Бурхан бээр ямар анир чимээнд дуртай вэ гэвэл
Өөрийнхөө дотоод Хөгжимд дуртай юм.
Тэрхүү дотоод Хөгжим нь
Хорвоо дэлхийн хувирлын хөгжим юм,
Хүн төрөлхтний төгөлдөржлийн хөгжим юм.

Йог хүн хөгжимчин байх тун боломжтой. Эх Энэтхэг орон минь эрт цагаас бурханлаг хөгжмийн авъяасыг олсон хутагт, мэргэд, сэтгэл зүрхний Багш нар олонтой байж ирсэн. Хөгжмийн авъяас нь тэдэнд Бурханы гэгээрэлд хүрэхэд нь огт саад тотгор болж байсангүй ба Бурханы гэгээрэлд хүрснийх нь хойно ч тэрхүү авъяас нь хулжин одоогүй юм.

Йог гэдэг нь Бурхантай хагацаж салшгүй нэгдмэл болохын нэр. Йог хүн Бурхантай ухамсарт нэгдлээ тогтоосон байдаг. Бурхантай бүрэн төгс нэгдсэнийхээ ачаар тэр хөгжимчин болъё гэхэд хэцүү бэрх юм тулгарахгүй. Ер нь юу хүссэн бүхнээ гүйцэлдүүлж чадна. Гэвч түүнд Бурханы Таалал соёрхлыг хүлээх шаардлага бий. Бурханы Таалал байх аваас тэр хөгжимчин болж болно. Бурханы Таалал байх аваас ондоо ямар нэг чадвараа хөгжүүлж ч болно. Эсвэл эрхэм дээд гэгээрэл, нэгдлээ хадгалан бататгаж оройн дээдийн Амгалан, Гэрэл, Үнэнийг Дээдгэгээний Таалан соёрхсончилонгоор илэрхийлэн тунхаглаж ч болно.

Хүн Бурханы гэгээрэлд хүрэхийн цагт тэр хүн Бурхан хоёр ангид тусдаа байхаа больж, өчүүхэн дусал, их далай хоёр лугаа адил ижилхэн чанартай болдог. Заримдаа сүнс, хөгжим хоёр мөн тийм чанарыг илтгэн харуулдаг. Хөгжмийн аялгуунд хөглөгдсөн сүнс, уяран хайлж, уусан нэгддэг.

Хэрэв Йог хүн хөгжмийн авъяастай бол Йогийн чанар, хөгжимчний чанар хоёр мөр зэрэгцэн урагшилж болно. Тэрээр хөгжимдөө цаг бага зарцуулсан ч гарамгай сайн хөгжимчин болох боломжтой. Гэтэл хөгжимчин хүн Йог болоход зүйрлэхийн аргагүй их цаг хугацаа зарцуулагдах болно.

Хөгжмийн авъяас чадвартай сэтгэл зүрхний Багш нар хүн төрөлхтөнд дотоод сэтгэлийн хөгжмийг хэрхэн гадаад ертөнцөд илрүүлэн тоглож болохыг нээн харуулах агаад түүгээрээ хүн төрөлхтний хүндлэл бишрэлийг хүлээдэг. Хүн бясалгал үйлдэж байхдаа дотоод хөгжмийг сонсож, бүтээж болдог. Дотоод хөгжмийг тэмүүллийнхээ хүчээр сонсож болдог. Тэгвэл дотоод хөгжим гэж юу вэ? Энэтхэгийн Веда хөлгөн судраас бид энэ хөгжим бол хүн төрөлхтний анхны эх хэл, сүнсний хэл болохыг олж мэдсэн. Чухам хөгжмөөр л дамжуулан бидний дотор байх Бурхан бээр энэ хорвоод өөрийгөө илэрхийлэн тунхаглах боломжтой болдог юм.

Хөгжимчин хүний дотоод хүч нь арвижин нэмэгдэхийн цагт түүнд үг хэлээр ярих шаардлага үгүй болдог. Хүмүүс түүний нүүр царайг нь хараад ямар нэг байдлаар гэрэлтэн байгааг нь анзааран хардаг.

Сэтгэл зүрхний Багш хөгжим тоглохдоо, тэрхүү тоглож байгаа хөгжмөөрөө дамжиж үзэгч олны дотоод сэтгэл, сүнсэнд нь хүрэх ба дээрээс гэрлийг буулган ирдэг юм. Тэрээр зүгээр л хөгжмийн зэмсгээр тоглодог бус харин дээд ертөнцөөс ямар нэгэн зүйлийг хүлээн авч, түүнийгээ хорвоо дэлхийд зориулан өргөдөг. Түүний нэг цагийн тоглолтын туршид, мянга мянгаар тоологдох үзэгч олон тэрхүү дээдийн гэрлийг чухам өөрсдийн гэрэл хэмээн мэдрэх бүрэн боломжтой. Хөгжимд орчлон ертөнцийг өөрийн болгож авах боломж, чадвар байдаг юм.

Хөгжим, шашин хоёрыг үнэн бодит ахуй хэмээх зоосны хоёр тал юм гэж хэлж болно. Жинхэнэ цэвэр ариун утгаараа бол хөгжим гэдэг шашин юм. Түүнчлэн цэвэр ариун утгаараа бол шашин гэдэг хөгжим юм. Сүнсний хамаг орчлонгийн хэл болсон хөгжим-шашин хэмээх энэхүү амьдралын хэв маягийг зөвхөн түгээн дэлгэрүүлж л болно. Харин хэзээ ч арилжин авч, арилжин зарж болшгүй юм. Хөгжим, шашин хоёр эрэлчдийн тулд, хөгжмийг дээдлэгчдийн тулд, үнэний төлөө зүтгэгчдийн тулд орших ажээ. Хорвоо дэлхий хийгээд дээд тэнгэрийн эрдэнэс болсон үхэлгүй мөнхийн чанартай тэдгээр хоёр бодит ахуйг мөнгөний хүч, нэр алдар хоёр хэзээ ч эзэмдэн захирч чадахгүй.

Жинхэнэ хөгжмийн эх булаг, жинхэнэ шашны эх булаг хоёр хэзээд нэг л сурвалжтай байх агаад тэрхүү сурвалж нь эгнэгт өлсөж цанган уйлах төрөл үгүй, үхэл үгүй дотоод мэгшил билээ. Тэрхүү өлсгөлөн цангаа нь өөрийнхөө сэтгэлийг хангахыг эрмэлзэх зүйл бус харин Бурханы Сэтгэлийг Бурханы Таалсан ёсоор хангахыг эгээрэх эгээрэл юм. Хөгжим, шашин хоёулаа тэрхүү эх сурвалжаас үүдэн бий болох зөвхөн тэр л цагт хөгжмийн сайхан нь хийгээд айлдвар нь, түүнчлэн шашны сайхан нь хийгээд айлдвар нь бурханлаг аргаар гэгээрүүлэн гүйцэлдүүлэгч чанартай байдаг.

Моголын Эзэнт Улсын их хаан Акбар ордондоо Тансен хэмээх агуу хөгжимчинг байлгадаг байв. Нэгэн удаа Акбар түүнийг ихэд магтан сайшаасанд тэрээр, “Би бол агуу хөгжимчин биш ээ” гэж хэлжээ.

Акбар хаан:

- Чи бол агуу хөгжимчин төдийгүй, хамгийн чадварлаг хөгжимчин шүү дээ.

- Үгүй ээ, миний Гүрү Харидас багш минь л хамгийн агуу хөгжимчин юм.

- Тэгвэл түүнийг ордонд минь ирүүл.

- Хаантан минь, Харидас Гүрү энд ирэхгүй л болов уу. Багш минь хэзээ ч нэр алдрыг горилж байсангүй. Зөвхөн Бурханд л зориулж хөгжмөө тоглож, зөвхөн Бурханы Нигүүлсэлийг л олж хүртэхийг хүсдэг юм.

- Тэгвэл би өөрөө түүн дээр очъё. Намайг түүн дээр хүргэж өг гэж Акбарыг зарлиг буулгасанд Тансен зөвшөөрч

- Та түүн дээр Эзэн Хааны дүрээр хэрхэвч очиж болохгүй. Миний зарцын дүрээр очвол яг тохирно гэж хэлэв.

Тийнхүү Акбар хаан Тансены багшид бараалхав. Тансен багшаасаа Акбарт зориулж хөгжмөө тоглохыг хүссэн боловч багш нь хөгжим тоглох урамгүй байна гэж хариулжээ. Тэгтэл Тансены толгойд нэгэн мэргэн санаа төрж гэнэ. Тэрээр хөгжмөө авч зориуд алдаа мадагтай буруу тоглож эхлэв. Ингэж буруу тоглохыг нь сонсоод, Харидас чихэндээ ч итгэсэнгүй. Хамгийн сайн шавь нь тэгж тоглоно гэдэг санаанд нь багтахгүй байлаа. Шавийнхаа алдааг засах гэж тэрээр өөрөө хөгжмөө шүүрэн авч уянгалуулан эгшиглүүлжээ. Ийнхүү багш нь Тансенаас зүйрлэшгүй гарамгай болохыг хаантан мэдсэн гэдэг.

Ордондоо эргэж ирээд Акбар, Тансенаас

- Багш шигээ тэгж чин сэтгэлийнхээ угаас тоглож чаддаггүйд чинь ямар учир байна вэ? гэж асуусанд Тансен хариу өгүүлрүүн:

- Нэр алдар горилсондоо би хөгжим тоглодог. Би танд зориулж хөгжмөө тоглодог байхад багш минь Бурханд зориулж тоглодог. Гол ялгаа үүнд л байгаа юм. Хэрэв би Бурханд зориулж – таны дотор байх, ерөөс хүн бүрийн дотор байх Бурханд зориулж тоглодог байсансан бол хөгжим минь эгнэшгүй төгс яруу, тэнгэрлиг сайхан байх байсан. Гэтэл би нэр алдар, хөрөнгө мөнгөтэй болохын тулд л тоглодог шүү дээ. Тийм болохоор би яаж багш шигээ тэгж сайхан тоглож чадах билээ?

Дотоод сэтгэлийн хөгжим дотоод сэтгэлийн амьдралын замыг дагадаггүй хүмүүсийн урмыг бадраах чадалтай юу?

Бурхан бээр тэмүүлэлгүй хүмүүсийг урамшуулдагчлан, дотоод сэтгэлийн хөгжим дотоод сэтгэлийн амьдралын замыг дагадаггүй хүмүүсийг урамшуулдаг. Анхандаа түнэр харанхуй байсан бөгөөд хожим нь гэрэл бий болжээ. Тэмүүлэл үгүй хүн төрөлхтнийг Бурхан үргэлжид урамшуулан зоригжуулж ирсэн болохоор тэрхүү гэрэл үргэлжид арвижин дэлгэрч байна. Асар их өгөөмөр сэтгэлийнхээ үрээр Дээдгэгээн бээр сэрж тэмүүлсэн хүмүүсийг анхан урамшуулж эхэлсэн ба эдүгээ эрчтэй хүчтэй тэмүүлж буй тэр хүмүүсийг ч бас урамшуулан зоригжуулсаар байгаа билээ. Түүнчлэн, хэн нэг хүн яг одоо эрмэлзэл тэмүүлэлгүй байлаа гэхэд түүнийг урамшуулан зоригжуулах нь тэдгээр сэрж тэмүүлсэн хүмүүсийн алгасашгүй үүрэг юм.

Хүн бүхэнд зүрх сэтгэл гэж бий. Сүслэл бол зүрхний дотор, зүрхтэй хамт, зүрхний тулд байдаг юм. Тийм болохоор хөгжмийн цэвэр ариун, сайхан чанарыг хэмжээлшгүй ихээр, холимоггүй тунгалаг байдлаар нь илэрхийлэн гаргагч дотоод сэтгэлийн хөгжмийг зүрх сэтгэл хүлээн авна гэдэг бол зөвхөн цаг хугацааны л хэрэг юм.
Дотоод сэтгэлийн амьдралын замаар замнаж байгаа хүн, дотоод сэтгэлийн мэгшлээ нэмэгдүүлж улам их тэмүүлэхэд нь агуу хөгжимчин хүн дэм болдог. Тэгээд бас хөгжимчин нь өөрөө Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэг бол хөгжим нь түүний дотоод амьдралд асар их тус нэмэртэй байх болно.

Хөгжим тоглож байхдаа та юун дээр төвлөрдөг вэ?

Аливаа нэгэн аялгууг тоглож байхдаа би ихэнхдээ түүний сүнсэн дээр төвлөрч байдаг. Дуу бүхэн сүнстэй байдаг болохоор би дуу бүгдийн сүнсэнд төвлөрдөг. Заримдаа маш уянгалаг яруу гэж мэдрэгдсэн тухайн аялгууны сүнсэн дээр төвлөрч түүний бурханлаг сайхан чанарыг илрүүлэн гаргахыг хичээдэг.

Та олон мянган уран зураг, яруу найраг, дууны бүтээл туурвисан. Таны энэ бүтээлч чадварын ширгэшгүй ундарга нь хаанаас эхтэй юм бэ?

Бүтээлч чадварын ундарга нь зөвхөн ганц л Эх Булагаас сурвалжтай. Тэрхүү Эх Булагийг би Хайрт Эзэн Дээдгэгээний минь хариу горилоогүй Нигүүлсэл гэж нэрийддэг юм. Тэрбээр надад хариу үл горилох Нигүүлсэлийн Гэрэлээ хүртээн соёрхсон агаад түүнээс нь хичнээн хэмжээгээр хүртэж чадсан тэр л чинээгээрээ би бүтээж туурвидаг юм.

Өөр бусад ертөнцүүдэд урлаг гэж бий юу?

Өөр бусад ертөнцүүд, манай гаргийнхаас ондоо ухамсрын ертөнцүүдэд урлаг гэж бий боловч тэр нь илэрхийлэл, тунхаглалын тулд байдаггүй. Тэрхүү урлаг нь зөвхөн өөрийнхөө тулд л орших ба аяндаа үүдэн бий болдог чанартай. Энэ хорвоод бол бид ямар нэг зүйл бүтээж байна, эсвэл зүгээр л аж төрж байна гэдэг маань өрөөл бусдын тулд л байдаг жамтай. Ургаа модонд цэцэг навч, жимс бий. Тэрхүү мод надад юу ч өгөхийг хүсэхгүй байсан ч би өөрийн дураар авирч гараад цэцэг тасдан авч чадна. Хүсвэл ёроолд нь суугаад сүүдэрлэсэн ч болно. Харин ондоо ертөнцүүдэд тийм байдаггүй юм. Тэнд аливаа нэг зүйлийн гуа сайхныг үнэлэн биширч болдог боловч түүнийг нь ашиглаж, өөртөө хэрэгтэй зүйл хийх боломжгүй. Энэ хорвоод бол бүтээл бий болсон л бол түүнийг хулгайлаад ч юмуу, худалдаад аль эсвэл бүтээсэн хүнээс нь гуйгаад авч болдог. Ондоо ертөнцөд болохоор бүтээлийг өндрөөр үнэлж магтан сайшааж болох хэдий ч өөрийн болгон эзэмдэх боломжгүй. Учир нь тэр бүтээл илэрхийлэгдэж тунхаглагддаггүй юм.

Ондоо ертөнцүүдэд Нарада мэт туйлын гарамгай хөгжимчид бий. Тэднийг Гандхарва нар хэмээнэ. Цаг үргэлж хөгжимчид хуран чуулдаг нэгэн тусгай ертөнц гэж бий. Уран зураачдад зориулагдсан дотоод ертөнц ч бас бий. Энэ дэлхийд хүн төрлийг олоогүй, зөвхөн тэр ертөнцдөө саатан байдаг зарим нэг зураачид бий. Мөн энэ хорвоод агуу их дотоод сэтгэлийн уран бүтээлээ туурвидаг байсан хүмүүс биеэ орхихдоо тэдгээр ертөнцөд очиж саатах нь бий.

O Master-Musician,
Tune me for life again.
The awakening of new music
My heart wants to become.
My life is now mingled
In ecstasy’s height.