SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Гэгээрэл

Гэгээрлийн тухай хэлж өгнө үү?

Энэ дэлхийд эзэмшвэл зохилтой нэг л зүйл бий бөгөөд тэр нь юу хэмээвээс гэгээрэл билээ. Гэгээрлийг олохын тул бид чин сэтгэлтэй, номхон дорой болох ёстой. Харамсалтай нь энэ дэлхийд чин сэтгэл хэмээгч нь эрт урьдын цагт мөхөж үгүй болсон бол номхон дорой чанар хараахан үүдэж төрөөгүй л байна. Тийм болохоор чин сэтгэлээ эргүүлж сэргээхийн төлөө чармайцгаая, тэмүүллийнхээ хүчээр номхон дорой чанарынхаа үүдэж төрөх цагийг урагшлууж наашлуулахын төлөө чармайцгаая. Тэр л цагт бид Бурханы гэгээрэлд хүрэх болно.

Гэгээрэл хэмээгч нь тэртээ алсад байдаг зүйл бус, тун ойрхон бий, ердөө бидний дотор л бий. Дотоод хөгжил дэвшлийнхээ үрээр агшин бүхэнд бид ухамсартайгаар гэгээрэл рүү дөтлөн ойртдог юм. Хамгийн өндөр дээд гэгээрэл хэмээвээс Бурханы гэгээрэл билээ. Энэхүү гэгээрлийг зөвхөн сүнс төдийгүй зүрх, ухаан, тамир, бие цөм олж хүртэх ёстой. Бурханы гэгээрэл гэдэг нь Бурхантай ухамсартайгаар бүрэн төгс нэгдэхийн нэр билээ. Бид бүгдийн төдийгүй хамаг дэлхийн Эх булаг болсон Түүний дотор нэвтрэн орсныхоо үрээр бид Бодит Ахуйд дөтлөн очдог. Тэрхүү Бодит Ахуй хэмээвээс бидний үүрдийн Баясгалан билээ. Бурхан юугаар амьсгалнам бэ гэвэл Баясгалангаар амьсгалдаг юм.

Гэгээрэл гэдэг сүнсийг ухамсарлан танихын нэр. Гэгээрлийн ачаар хүн Бурханы бүхнийг чадагч Хүч, цаглашгүй Нигүүлсэл, хязгааргүй Гэрэл, төгс Төгөлдөрийг нь анхлан таньж ухаардаг. Чухам гэгээрлийн ачаар л Бурхан үнэн бодитой юм байна гэдгийг мэддэг. Гэгээрэлд хүрэхээс өмнө Бурхан байдаг нь онол төдий юм. Гэгээрэлд хүрсний хойно Бурхан оршиж байдаг нь үнэн бодит болно.

Үнэнхүү гэгээрэлд хүрсэн хүн өрөөл бусдыг найдаж хүлээх юмгүй, төгөлдөр бус хүмүүс гэж үздэггүй. Гэгээрэлд хүрсэн мөчөөсөө тэрээр өөрийгөө өрөөл бусадтай үнэхээр нэгдмэл болохыг ухаарах агаад өрөөл бусдын дутагдалтай муу гэгдээд байгаа чанаруудыг Бурхан Өөрөө тэдний дотор, тэдний биеэр дамжуулж үзэж туулж байдаг болохыг ухаардаг.

Гэгээрэл гэдэг бол урьд өмнө танд байсан бөгөөд мартагдаж гээгдсэн зүйл юм. Энэ бол яавч цоо шинэ зүйл биш. Үнэхээр гэгээрэлд хүрэхийг хүсч буй хүн бол багахан гэрлээс арвин их гэрлийг, цаглашгүй их гэрлийг зорин явж байна гэж ухаарах учиртай.