Юу нь сүслэл вэ, юу нь сүслэл биш вэ?
Сүслэл гэдэг бол бодит ахуй ертөнцөөс хөндийрч, зугатахын нэр биш. Жинхэнэ бодит ахуй гэж юу болох, түүнийг энэ дэлхий дээр хэрхэн олж илрүүлэхийг сүслэл бидэнд хэлж өгдөг. Сүслэл гэдэг бол амьдралыг үгүйсгэхийн нэр бус амьдралыг жинхэнэ утгаар нь хүлээж авахын нэр. Амьдралыг ямар ч давхар санаагүйгээр хүлээж авах ёстой. Амьдралыг үнэн сэтгэлийнхээ угаас ухаарч таних ёстой. Амьдралыг бүрэн дүүрэн хувиргаж өөрчлөх ёстой. Амьдралыг мөнхөд хадгалж үлдэх ёстой.
Сэтгэл зүрхний амьдралын замд орохыг хүсч байгаа хүн өөрийгөө эд агуурсанд түшиглэсэн амьдралтай хэрхэн зохируулах вэ?
Йог, амьдрал хоёр хамтдаа явах ёстой. Сэтгэл зүрхний амьдралыг олж нээхийн тулд дотоод гүндээ нэвтрэх хэрэгтэй боловч үүний төлөө эд агуурсанд тулгуурласан гадаад амьдралыг үгүйсгэх ёсгүй. Дотроосоо бид гадагш гарах ёстой. Харин гадаад ертөнцийн баялагтаа хоргодсон бол дотоод ертөнцдөө нэвтэрч чадахгүй. Бидэнд дотоод амьдрал хэрэгтэй. Чухамхүү дотоод амьдралаас л хязгааргүй баяр баясгалан, амар амгаланг олох болдог. Тэрхүү дотоод бурханлаг чанаруудыг дотоод амьдралаас илтэд гаргаж ирэх хэрэгтэй. Тэр цагт эд агуурсанд шүтсэн гадаад амьдралыг зохицуулахад түвэггүй болно. Дотоод амьдралаас дэмжлэг авсан тэр л цагтаа эд агуурсанд шүтсэн гадаад амьдрал жинхэнэ утга учиртай болдог. Гэтэл өнөөдөр бид эд агуурсанд шүтсэн амьдралыг сэтгэл зүрхний амьдралаас салгахыг оролдож байна. Үнэндээ тэдгээр нь салангид байх боломжгүй ч, харамсалтай нь хүмүүс эсвэл гадаад амьдралыг хүлээж аваад зугаа цэнгэлд автана, эсвэл бүхнийг ор тас орхиод, хатамжлагч хүний ёсоор юутай ч эвлэрэхгүй амьдарна гэсэн ойлголттой явдаг. Энэ бол буруу ойлголт. Гадаад ертөнцийн амьдралыг хүлээж авах хэрэгтэй, гэхдээ зугаа цэнгэлд умбана гэсэн үзэлгүй байх ёстой. Дотоод бурханлаг чанаруудаа илэрхийлж тунхаглахын тулд эд агуурсанд шүтсэн амьдралыг хүлээж авах хэрэгтэй.
Хүний амьдралд Бурхан нэгдүгээрт тавигдах ёстой ба ингэлээ гээд гадаад ертөнц болон гадаад амьдралыг үл хэрэгсэх учиргүй. Хэрэв бид Бурханыг нэгдүгээрт авч үздэг бол бидний өмнөөс тэрбээр гадаад ертөнц, гадаад амьдралд нэвтрэн орно. Харин биет ертөнцийг нэгдүгээрт тавьбал Бурханд хүрч чадахгүй. Яагаад гэвэл хийгдэх ёстой зүйл буруу талаасаа эхэлснээс шалтгаантай. Чухамдаа Бурханы л дотроос бид гадаад амьдралд хүрч ирэх ёстой. Бурхан бол дотоод амьдралд асар онцгой байр суурь эзэлдэг ба тэрхүү дотоод амьдралаас бид Бурханыг гадаад амьдралд авчрах боломжтой, авчрах ч ёстой. Ийм л аргаар бид өөрсдийгөө гадаад амьдралд нийцүүлж, гадаад амьдрал болон сэтгэл зүрхний амьдралыг хослуулна.