SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Төвлөрөл

“Төвлөрөл” гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?

Төвлөрөл гэдэг бол ямар нэг зүйл юмуу хэн нэг хүнтэй өөрийгөө ижилсүүлж адилтгахын тулд хамаг анхаарлаа нэгтгэж тухайн зүйлд эсвэл тухайн хүнд чиглүүлэх илэрхий нууц эрдэм юм. Тухайн зүйлийн дотор нуугдаж буй туйлын Үнэнийг олж илрүүлэх нь төвлөрлийн хамгийн дээд оргил юм. Бидний амьдралд төвлөрлийн хийж чадах зүйл гэвэл тоймолж хэлэхийн аргагүй их.


Төвлөрөл үйлдэхийн тулд юунд харцаа тогтоох нь хамгийн зохимжтой байдаг вэ?


Энэ нь тухайн хүнээс хамаарах зүйл. Зарим хүний хувьд зул, лааны дөлөнд төвлөрөх нь хялбар байдаг бол заримд нь үзэсгэлэнт сайхан цэцгэнд төвлөрөх нь хялбар байдаг. Түүнчлэн урган мандаж буй нарыг харж төвлөрөл үйлдэхийг эрхэмд үзэх хүмүүс ч бий. Ямар нэг зүйл дээр төвлөрөөд түүнээсээ дотоод баяр баясгаланг олдог бол зорилгодоо хүрэхийн тулд баяр баясгаланг бэлэглэж буй тэр зүйлдээ төвлөрдөг байх нь зүйтэй.

Төвлөрлийг ямар ч үед, ямар ч газар, ямар ч байрлалтай үйлдэж болдог. Дотоод орших ахуй маань биднийг төвлөрөл үйлдэхэд хүчлэхэд бид төвлөрдөг. Төвлөрлийг зөвхөн зогсож байхдаа, эсвэл лянхуа суудлаар сууж байх үедээ үйлдэх ёстой гэсэн хатуу журам байхгүй. Дотоод орших ахуй маань биднийг урамшуулахад бид тэмүүлэх бөгөөд энэхүү тэмүүлэл маань төвлөрөл юмуу бясалгал болж илрэн гардаг.