SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Мансууруулах бодис

Мансууруулах бодис хэрэглэснээр Бурханд ойртож очно гэсэн үзэлтэй хүн олон байдаг. Хятадууд яах аргагүй олон зууны тэртээгээс хар тамхи хэрэглэж ирсэн. Бурханд ойртохын тулд янз бүрийн мансууруулах бодисоор ухаан санаагаа мансууруулахыг та юу гэж үздэг вэ?

Үнэнд дөтлөн очих хоёр зам байдаг гэж үзье. Нэг нь залбирал бясалгалын зам бөгөөд тэрхүү замаар замнасны үрээр жинхэнэ Үнэнийг мэдэж, жинхэнэ онгодыг мэдэрч, жинхэнэ Гэрлийг харж, жинхэнэ Оршнол-Ухамсар-Жаргаланг туулж үзнэ. Оршнол-Ухамсар-Жаргалан бол хамтдаа оршдог гурвал бөгөөд түүнд зөвхөн бясалгал ба Бурхантай нэгдэх нэгдлийн үрээр хүрч болдог. Харин мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс хөл толгойнхоо байрыг сольсноос өөрцгүй юм хийдэг. Үнэнийг таньж мэдлээ гэж бодсоноороо тэд өөрсдийгөө хуурдаг. Тэгээд зогсохгүй мансууруулах бодис хэрэглэснийхээ уршгаар Бурханы оронд хүрэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг дотоод сэтгэлийн эд эрхтэндээ гэмтэл учруулж байгаагаа ухаардаггүй.

Энэ тухай тодруулж хэлье. Хэрэв намайг ус руу шидчихээд толгойг минь дээш гаргахгүй дараад байвал надад юу харагдах вэ? Цав цагаан манарсан зүйл л харагдана. Мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүст ийм л зүйл харагддаг. Химийн бодисын нөлөөгөөр ухамсарт огцом, хүчтэй өөрчлөлт гардаг болохоор цав цагаан зүйл харагддаг юм. Энэ нь дээд ертөнцүүдэд үзэж хардаг зүйл мөн байлаа гэхэд үүнийгээ байнга харж, ийм мэдрэмжээ байнга хадгалж чадахгүй тул дахиад л мансууруулах бодисоо хэрэглэх шаардлагатай болно. Харин залбирал, бясалгал, төвлөрөл үйлдсэн хүн Бурханы бодит ухамсрын дотор нэвтрэн орж, тэндээ байнга саатан үлдэхэд суралцах боломжтой. Энэ бол Бурханд хүрэх эерэг, жам ёсны зам юм. Бурхан бол жам ёсных. Би бол Түүний хүү. Та ч бас Түүний хүү. Бид Түүний жам ёсны үйлсийг өвлөн авах ёстой. Хиймэл, зохиомол хар тамхи мэтийг хэрэглэснээрээ хүмүүс зориуд биш юмаа гэхэд санамсаргүй байдлаар жинхэнэ Үнэнийг үгүйсгэж байгаа юм.

Хариултандаа эргэж оръё. Мансууруулах бодис хэрэглэснээр хэн ч Бурханд дөхөж очихгүй. Зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханыг бясалгасны үрээр л Бурханд хүрч очих боломжтой байдаг.