SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Бурханы Гэгээрэл - Өөрийгөө танихуй

Өөрийгөө таньж гэгээрнэ гэдэг нь юу вэ?

Өөрийгөө таньж гэгээрэхийн хамгийн гүн гүнзгий утга нь өөрийгөө олж нээхүй юм. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө Бурхантай нэгдмэл гэдгээ ухамсарлаж мэдэхийн нэр. Та ном судраас Бурханы тухай уншиж, бусдаас Бурханы тухай дуулж мэдсэн. Гэлээ ч Түүнийг ухамсарлаж гэгээрээгүй хэвээрээ л байна.

Гэгээрэл гэж юу болохыг ухаарахын тулд юуны өмнө дотоод “Би”-гээ хайрлах хэрэгтэй. Дараа нь гэгээрлийг өөрийг нь хайрлах хэрэгтэй. Чухам энэ л хайр сүнсийг сэрээдэг. Чухам энэ л хайр ухамсрыг маань гийгүүлдэг. Хайрлагтун, та хайрыг хүртэх болно. Гэгээрэгтүн, та биеллийг олох болно.

Гэгээрэлд ойртон ирж байгаагаа бид мэдэх үү, эсвэл гэгээрэл гэнэт санамсаргүй байдлаар хүрч ирэх үү?

Жинхэнэ гэгээрэл санамсаргүй байдлаар ирдэггүй. Аажим аажмаар Бурханы гэгээрэлд бид хүрдэг. Гэгээрлийн торгон ирмэгт хүрсэн хүн, хэдхэн хоног, сар эсвэл хэдхэн жилийн дараа түүнд хүрнэ гэдгээ мэдэж байдаг. Гэгээрэл гэдэг бол Бурхантай ухамсартай, бүрэн төгс нэгдэхийн нэр. Тэгэхээр Бурхантай хязгаарлагдмал байдлаар ухамсарт холбоо тогтоож чадаагүй байгаа хүн хэрхэн яаж Бурхантай нэгмөсөн хязгааргүй, ухамсарт нэгдлээ тогтоож чадах юм бэ?

Далдын хүчийг мэдрэх, Бурханы гэгээрлийг олох хоёрын ялгаа юу вэ?

Бурханы гэгээрэл бол далдын хүчийг мэдрэхээс хязгааргүй өндөр дээд зүйл. Далдын хүчийг олох үедээ хүн Бурханыг туйлын энхрий зөөлөн байдлаар мэдэрнэ. Гэвч тэрхүү далдын хүч хадгалагдаж үлдэхгүй. Олдсон даруйдаа алдагдаж үгүй болж магадгүй байдаг. Харин Бурханы гэгээрэл алдагдаж үгүй болохгүй, үүрд хадгалагдана. Бурханыг нэгэнт ухаарч гэгээрсэн бол тэрхүү гэгээрэл хэзээ ч алдагдахгүй.