Бурхан-Дээдгэгээн Хөгжимчин бээр
Амгалангийн Аялгуугаа тоглон сонсгохуйд
Бурханлаг сонсогч-хүмүүн
Амгаланг хүлээн авах оршоомжоо өргөн барина.Миний хорвоогийн дуу
Намайг бишрэлтэйгээр эрж олно.Миний Диваажингийн дуу
Намайг сэтгэлийнхээ угаас гэгээрүүлнэ.Миний Бурханы дуу
Намайг бадрангуйгаар мөнхжүүлнэ.
Бурхан хэмээвээс Дээдгэгээн Хөгжимчин билээ. Чухамдаа тэрхүү Дээдгэгээн Хөгжимчин бидний дотор, биднээр дамжуулан, бидэнтэй хамт Хөгжмөө тоглодог. Бурханыг Хөгжмөөс нь ангид үзэж болшгүй юм. Дээдгэгээн бээр Орчлонгийн Ухамсарыг үргэлжид илэрхийлэн гаргах агаад тэр нь үргэлжид дээдийн Хөгжим болон хувирч байх ажээ. Бүтээгч Бурхан хэмээвээс Дээдгэгээн Хөгжимчин юм, бүтээл Бурхан хэмээвээс дээдийн Хөгжим юм. Тэрхүү Хөгжимчинг Хөгжмөөс нь ангид үзэж хэзээ ч үл болно. Түүний бүтээл биеллийг олно. Гэвч тэрхүү дээд Хөгжим нь Дээдгэгээн Бүтээгчтэй ухамсартайгаар нэгдмэл болсон гэдгээ мэдэрсэн цагтаа л өөрийгөө биеллийг олж тодорлоо гэж үздэг. Хөгжмөөр дамжуулж Бурхан бээр олны дотор нэгдмэл чанарыг, мөн нэгийн дотор олон дүрт чанарыг илэрхийлэн гаргадаг.
Хөгжим гэдэг Бурханы Мөрөөдөл билээ. Бурханы Мөрөөдөл агшин бүр хөгжмөөр дамжин илэрнэ. Түүний Мөрөөдлийг сансрын Бодит Ахуй, орчлонгийн Бодит Ахуй гэнэ. Хамгийн өндрөөс тольдон үзвэл хөгжим гэдэг жирийн нэг үг төдий бус, жирийн нэг ухагдахуун, жирийн нэг санаа төдий биш ажээ. Хөгжим гэдэг дээдийн утгаараа бол Бодит Ахуй юм. Бурхан бээр дээдийн Хөгжмийг сонгомол зэмсгүүд болсон биднийхээ дотор, биднийхээ биеэр Өөрийнхөө таалсан ёсоор наадан тоглоном. Айлдвар Зарлиг болон Өөрийгөө илэрхийлэхийн тулд Бурханд ямар ч хүмүүн-зэмсэг, ямар ч үг өгүүлбэр хэрэггүй ажээ. Тэрбээр үүнийгээ анир дууны ертөнцөөс тус дэм авахгүйгээр аниргүйгээр илэрхийлж чадна. Гэвч дотроо чухам хэн байгаагаа гадаад ертөнцөд таньж мэдэхийн тулд Бурхан бээр анир дууныг бүтээсэн юм. Дотроо Тэр хэн болохоо мэдэх боловч, хэрэв гадаад ертөнцөд дотоод Тэнгэрлиг чанараа илэрхийлэн эс гаргах аваас хорвоо дэлхий Түүнийг хүлээн авч, ухааран гэгээрч чадахгүйд хүрнэ. Чухам тийм л шалтгааны улмаас, Өөрийгөө илэрхийлэн тунхаглахын тулд Бурхан бээр анир дууныг бүтээжээ.
Бурханы Хөгжим биеийг минь ариусгана.
Бурханы Хөгжим сүнсийг минь хүчирхэгжүүлнэ.
Бурханы Хөгжим амьдралын маань чөлөөллийг түргэсгэнэ,
Бурханы гэгээрлийг маань түргэсгэнэ,
Хайрын тунхаглалыг маань түргэсгэнэ.Бурханы Хөгжмийн Ертөнцөд
Тэргүүн эгнээнд бай.
Таны зүтгэлт амьдрал
Олон олон хүмүүний оршоомжит зүрхэнд
Бурханы Хөгжмийг өргөн барих чадалтай.Бурханы Хөгжим
Аниргүй Баясгалант
Бурханы Зүрхнээс үүднэ.Бурханы Дуу
Нигүүлсэл Хайр болсон
Бурханы Мэлмийгээс үүднэ.