SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Зорилго

Бидний зорилго юу вэ?

Бидний Зорилго дотор маань бий. Тэрхүү Зорилгодоо хүрэхийн тулд сэтгэл зүрхний амьдралын замыг дагах хэрэгтэй. Сэтгэл зүрхний амьдралд хамгаас хэрэгтэй юм гэвэл ухамсар. Түүнгүйгээр юу ч байлаа шимгүй цөл адил. Харанхуй газар яваад орчихвол хаашаа явж байгаагаа мэдэхийн тулд бид гэрэл гаргадаг. Хэрэв харанхуй амьдралынхаа тухай мэдэхийг хүсвэл ухамсраасаа тус дэм хүртэнэ.

Хүний гадаад амьдрал болон гадаад ертөнцөд гаргасан амжилт нь маш хязгаарлагдмал билээ. Гэвч тэрээр өр зүрхнийхээ гүнийн гүнээ нэвтрэн орвол өөрийгөө ямагт өргөжүүлэн тэлэхийг эрмэлзэгч нэгэн зүйлийг мэдрэх болно. Тэр зүйл бол ухамсар юм. Ухамсар нь хүнийг Оройндээдтэй холбож өгдөг.
Ухамсар өөрөө Гэрэл агаад Хүч билээ. Гэрэл учраас өөрийгөө тэрээр дотоод ертөнцийн цэвэр ариун урамшил, гүн гүнзгий тэмүүлэлтэй зүйрцүүлэн адилтгадаг. Хүч учраас өөрийгөө тэрээр гадаад ертөнцийн түнэр харанхуйн хүлээс аргамж, балмад түрэмгий мунхгийг номхруулан дарах бурханлаг засаглалтай зүйрцүүлэн адилтгадаг.

Одоохондоо туйлын зорилго алсын алсад байгаа боловч няцаж шантарч болохгүй. Алхам алхмаар хэлбэрэлтгүй урагшлан явсаар та Зорилгодоо хүрнэ. Бид цэцэрлэгээс бага сургуульд дараа нь ахлах сургуульд тэгээд их сургуульд элсэж ордог шүү дээ. Тиймээс сэтгэл түвдэж, адгах хэрэггүй. Таны хувьд сонгосон Цаг хэзээ тохиохыг зөвхөн Бурхан л мэднэ. Тэмүүлнэ гэдэг бол таны гүйцэтгэх ёстой үүрэг. Цаглашгүй Нигүүлслээрээ ивээнэ гэдэг Бурханы хэрэг. Та хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн цагт Бурхан бээр Өөрийнхөө үүргийг гүйцэтгэж, Өөрийнхөө сонгосон Цагт таныг гэгээрэлд хүргэнэ. Тэгэхээр бүгдээрээ бодит байдалд түшиглэн урагшилцгаая. Дотоод тэмүүллийн маань үрээр, Зорилго маань өөрөө бидэнд хүрч ирнэ.
Өөрсдийгөө бид Дээдгэгээнд түүнчлэн Бурханы гэгээрэлд хүрэх эгнэшгүй зорилгодоо зориулах тэр л цагаас амьдрал маань өөрийгөө Үнэний айлдвар зарлиг, Хязгааргүй, Мөнх, Үхэлгүйн айлдвар зарлиг мөн гэдгээ бидэнд харуулна.