SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Чөлөөлөл

Чөлөөлөл гэгээрэл хоёрын хооронд ямар нэг ялгаа бий юу? Эсвэл тэдгээр нь огт ялгаагүй, нэг л ижил чанартай юу?

Чөлөөлөл гэгээрэл хоёрын хооронд асар их ялгаа бий. Чөлөөлөл гэдэг нь гэгээрлээс хавьгүй доор юм. Энэ төрөлдөө чөлөөлөлд хүрсэн байлаа гэхэд үүнээс хойш хэдэн төрлийн дараа гэгээрэлд хүрнэ. Эсвэл нэг төрлийн дотор чөлөөлөл, гэгээрэл хоёуланд нь хүрэх тохиолдол ч бий. Гэхдээ чөлөөлөлд хүрэхгүйгээр гэгээрэлд хүрнэ гэдэг боломжгүй. Зарим агуу сэтгэл зүрхний Багш нар золоор цөөн хэдэн чөлөөлөгдсөн сүнсийг буулган ирж, өөрийнхөө тунхаглалд туслалцуулдаг. Тухайлбал Шри Рамакришна Багш Вивекананда, Брахмананда хоёрыг буулган ирсэн билээ. Агуу сэтгэл зүрхний Багштай хамт хорвоо дэлхийн тайзнаа бууж ирсэн зарим тийм сүнснүүд гэгээрэлд хүрэхийн төлөө санаа тавьдаггүй, зөвхөн Багшдаа тусалдаг. Вивекананда, Брахмананда нартай ижил зарим нэг нь гэгээрлийг ч бас хүсдэг юм.

Чөлөөлөгдсөн сүнс гэдэг нь мунхгийн харанхуй хийгээд хорвоогийн эгэл буурай, бурхангүй амьдралаас ангижран чөлөөлөгдсөн сүнс юм. Өөрийнхөө ахуй байдлаараа тийм сүнс өрөөл бусдыг цэвэр ариун, энгийн, сайхан сэтгэлтэй, энэрэнгүй болоход нь урамшуулж зоригжуулдаг. Түүний дотроос асар их ариун, тайван тогтуун чанар хөврөн гарах тул хүмүүс түүнд хүрч, түүнтэй ярилцаж, нүүр царайг нь харахыг хүсдэг. Түүнийг гэгээнтэн хүнээс ч агуу гэж хэлж болно. Үнэхээр чөлөөлөгдсөн сүнсийг хорвоогийн мунхаг, харанхуй чанар бүчин авч чадахгүй. Эсвэл тэр өөрөө цаг ямагт сэрэмжтэй байж, тэр бүгдийг өөртөө ойртуулахгүй. Гэгээрсэн сүнс бол түүнээс хавьгүй өндөр юм. Гэгээрсэн сүнс ухамсартайгаар Бурхантай хагацаж салшгүй нэгдсэн байдаг.

Гэгээрсэн сүнс туйлын их хүчтэй. Өөрийгөө хэн болох, мөн өөрөө хаанаас ирсэн болохоо тэр мэддэг. Орчлонгийн болон хэтийдсэн ухамсрынхаа хүчээр тэрээр хүн төрөлхтний мунхгийн харанхуй хийгээд хорвоо дэлхийн ухамсрын гүнээ нэвтрэн орж, түүнийг гэрэлт бамбараараа гийгүүлдэг.

Чөлөөлөгдсөн сүнс гэдэг бол цэвэр ариухан, хөөрхөн балчир хүүхэдтэй ижилхэн юм. Гэвч та тэр балчирхан хүүхдийн дэргэд хичнээн удаан байх билээ? Түүний тус дэмээр та хол явж, Оройндээдэд хүрч чадахгүй. Харин гэгээрсэн сүнс бол насанд хүрсэн хүнтэй ижил агаад танд асар их тэмүүлэл, гэрлийг өгнө, ахуй амьдралаа авч явах цэцэн мэргэн ухааныг хүртээнэ. Гэгээрлийн замаар замнахад чөлөөлөгдсөн сүнс танд урам дэм болдог бол гэгээрсэн сүнс зөвхөн урам дэм болоод зогсохгүй, удирдан залуурдаж, туйлын зорилгод тань хүргэх болно.