Бидэнд итгэлийн тухай хэлж өгнө үү?.
Юуны өмнө итгэл гэдэг бол сохроор үнэмшихийн нэр биш гэдгийг хэлмээр байна. Итгэнэ гэдэг нь огт боломжгүй юманд үргэлж үнэмшиж суухын нэр биш. Итгэл бол аяндаа үүдэж төрөх мэдрэмж. Үүнд хүний нотолгоо хэрэггүй. Энэ бол ирээдүйг тольдон харах мэлмий бөгөөд дээд Үнэнтэй хэзээ ямагт зохирч байдаг зүйл. Итгэлийн үүд чанадын Үнэний өмнө ямагт нээлттэй байх бөгөөд түүний ач буянаар өөрсдийгөө бид хэтийдэн давдаг юм.
Амьдрал гэдэг урам хугалсан явдлаар дүүрэн билээ. Гэвч Бурханд итгэх итгэлээ хэрхэн хүчтэй болгох вэ?
Одооноос эхлэж танаас юу ч хүсэн хүлээдэггүй, харин таны дотор болон таны эргэн тойронд баяр баясгалан бялхан байхыг харахыг хүсдэг нэгэн Хүн таны дэргэд үргэлж байдаг гэж мэдрэхийг хичээгээрэй. Тэр Хүн танаас дотоод болон гадаад баяр баясгаланг хүснэ. Ондоо юуг ч үл хүснэ. Таныг үргэлж баяр жаргалангийн далайд умбаж байгаасай гэж хүснэ. Баяр хөөртэй байгаарай гэдэг нь энд тэнд явж хүн амьтантай уулзаж, элдвийн юм худалдан авахыг тань хэлээгүй юм шүү. Хэрэв та үнэнхүү баяр баясгаланг олж, түүний эх сурвалжийг мэдэрч байгаа бол Бурханд итгэх итгэл танд шууд л хүрээд ирнэ.
Ямар нэг юманд санаа зовсон ч юмуу, айж түвдсэн үедээ бид өөрсдийн төсөөлж бодсон байдлаар Бурханд итгэх итгэлийг бий болгодог. Энэ бол жинхэнэ итгэл биш. Аюул учрахын цагт бид, “Бурхан минь, аварч хайрла, аварч хайрла” гэж дуудах боловч үүнийгээ зөвхөн аюулаас холдож зайлахын тулд хэлдэг. Энэ бол оргож зугатах арга төдий зүйл бөгөөд ийм итгэл удаан хадгалагддаггүй.
Бидэнд дотоод баяр баясгалан, дотоод сэтгэлийн ханамж бий бол итгэл аяндаа үүдэж төрдөг. Баяр баясгалан, сэтгэлийн ханамж гээд юм бүхэн хүний дотор хадгалагдаж байдаг. Тэрхүү дотоод сэтгэлийн ханамжийн эзэн нь хэн бэ гэвэл Бурхан. Бид зөвхөн Түүний бишрэлт зэмсгүүд нь юм. Тиймээс аяндаа ундран гарах дотоод баяр баясгаланг амьдралынхаа нэгэн хэсэг гэж мэдэрч чадвал хэмжээлшгүй их баяр баясгалангийн эзэн болсон Бурхан бидэнд ирнэ. Одооноос эхэлж өөрийнхөө дотоод баяр баясгаланг мэдрэхийг хичээгээрэй. Гадаад амьдралдаа тохиолдож байгаа гутрал цөхрөлийг дотоод баяр баясгалантайгаа бүү холбоорой. Дотоод баяр баясгаланг гадаад ертөнцийн хөөр баяраас тусад нь байлгахыг хичээ. Зөвхөн тэгж л чадвал Бурханд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх боломжтой.