Үнэмшил аяндаа үүдэх нь ч бий, чармайлтын үрээр бий болох ч боломжтой. Сэтгэл зүрхний амьдралдаа чин үнэн сэтгэлтэй, мэдэгдэхүйц хөгжиж дэвшсэн, хүлцэнгүй чанарыг олсон эрэлчдийн үнэмшил нь аяндаа үүдэж төрдөг. Бурханы Элбэрэл болон Бурханы хариу горилоогүй хамгаалалтгүйгээр, зөвхөн өөрийн чармайлтын үр дүнд олсон үнэмшил нь аяндаа үүдэж төрсөн үнэмшил шиг хүчтэй байдаггүй. Хүмүүс бидэнд нүд, чих хэмээх эрхэм чухаг хоёр эрхтэн бий. Хоёр нүд үргэлж үнэмшээд байдаггүй юм аа гэхэд өөрөө юу харсандаа итгэж үнэмших нь олон. Хоёр чих өрөөл бусдын юу хэлж ярьсанд итгэж үнэмших нь олон. Тэд бол жирийн л нүд чих билээ. Харин бурханлаг мэлмий буюу гурав дахь нүд бол зөвхөн Бурханы юу тольдон харсанд үнэмшдэг. Бурханлаг сонор зөвхөн бодит ахуй үнэнд үнэмшдэг. Дотоод зарлиг тушаалыг сонсож, Дотоод Жолоодогчдоо цаг үргэлж дуулгавартай байх чадварыг олсон бол бид дотроо ч, гаднаа ч аяндаа үүдэн төрөх үнэмшлийг мэдрэх болно. Үнэмшил гэдэг бол бидний дотоод дуулгаварын үнэн бодит байдал. Энэ бол аяндаа үүдэж төрөх бурханлаг үнэмшил юм. Харин чармайлтын үрээр олсон үнэмшил гэдэг нь хүний журамлагдсан, хязгаарлагдмал ойлголт юм.
Үнэмшил бол хүч. Цаглашгүй Үнэнийг эрж буй жинхэнэ эрэлчин хүн үүнийг мэддэг. Үнэн сэтгэлгүй, тэмүүлэлгүй эрэлчин хүн үнэмшил бол хүч гэсэн гарцаагүй үнэнийг ойлгох боловч ойлгож мэдсэн мэдлэгийнхээ хүрээнээс хальж гарч чаддаггүй. Харин чин сэтгэлтэй жинхэнэ бишрэлтэй, хүлцэнгүй чанарыг олсон эрэлчин хүн үнэмшил гэдэг нь эрч хүч гэдгийг мэдээд зогсохгүй тэрхүү хүчийг өөрийн болгож авсан байдаг.
Ургаж буй модыг харъя. Модонд цэцэгс дэлгэрч удалгүй жимс боловсордог. Цэцэг бол жимс боловсрохын дохио. Сэтгэл зүрхний амьдралд үнэмшил гэдэг бол цэцэг юм. Үнэмшил бол Дээдгэгээн залран ирэхийг урьдчилан дуулгагч бурханлаг сахиус юм.
Хэрэв бидэнд үнэмшил үгүй бол түүнийг хөгжүүлж бий болгож болно. Түүнийг хэрхэн бий болгох вэ? Бурханыг зугаа цэнгэлээс илүүд үзэж, Түүний төлөө тэмүүлдэг чин үнэн сэтгэлтэй хүмүүстэй нөхөрлөснийхөө үрээр бий болгож болно. Хүн төрөлхтний дотор байх Бурханы төлөө санаа зоригоо чиглүүлсэн хүмүүс бий бөгөөд хэрэв бид тийм хүмүүстэй нөхөрлөвөл үнэмшлийг бий болгож, хөгжүүлэх боломжтой болно. Бидэнд үнэмшил бий бол Бурханы Гэрэл, Баясгалангийн цэцэрлэгт түүнтэй мөр зэрэгцэн алхах болно.