SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Хөгжим : Бурханы Орчлонгийн Хэл

Дуу хоолой, гар хуруу маань бус
Өр зүрхний маань гүнээ байх
Бодит ахуй маань
Өөрийгөө илэрхийлж байгаа нь мэдрэгдвэл
Энэ бол
Сүнсний маань хөгжим гэдэг нь
Тодорхой болно.


Гадаад ертөнцийн хөгжим
Эгэл жирийн зэмсгээс үүднэ.
Дотоод ертөнцийн хөгжим
Өр зүрхнээс үүднэ.
Тэрхүү дотоод хөгжмийг
Эв нэгдэл хэмээн нэрийднэм.

Хөгжим гэдэг Бурханы дотоод хэл буюу хамаг орчлонгийн хэл билээ. Би хэдийгээр Франц, Герман, Итали хэлний алийг нь ч мэддэггүй боловч хөгжим эгшиглэхэд тэрхүү хөгжмийн дотоод мөн чанар нь миний зүрх сэтгэлийн гүнд хүрэх буюу миний зүрх сэтгэл тэрхүү хөгжмийн дотоод гүнд нэвтрэн уусдаг юм. Тэр цагт зүрх сэтгэлийн дотоод холбоо л хангалттай байх тул ямар ч хэл яриа шаардлагагүй болдог. Миний зүрх, хөгжмийн зүрхтэй хүүрнэн ярилцах агаад тэрхүү хүүрнэлийнхээ ачаар бид ялгаж салгашгүй нэг болж хувирдаг.

Дотоод сэтгэлийн ертөнцөд эрхэм чухагаараа бясалгалын дараачаар хөгжим – хөгжмийн амьсгал ордог. Бясалгал гэдэг эрчимжүүлэн гүйцэлдүүлэгч аниргүй юм. Аниргүй гэдэг илэрхийлэгдэмгүйн уран илэрхийлэл юм. Тиймээс ч Альдоус Хаксли: “Илэрхийлэгдэмгүйг хамгийн ойр дөт илэрхийлж чаддагаараа аниргүйн дараачаар хөгжим ордог юм” гэж хэлжээ.

Аниргүй бол бүхний эх ундарга. Аниргүй бол хөгжмийн эх ундарга. Аниргүй гэдэг чухамдаа өөрөө хөгжим юм. Аниргүй бол Дээдгэгээний хамгийн гүн яруу, хамгийн сэтгэлийг баясгагч хөгжим юм.

Аниргүй бол оргилон ундарч, урсан тэлсээр гол мөрөн аль эсвэл захгүй их далай тэнгист цутган нийлэх урсгалтай ижил юм.

Аниргүй гэдэг үүр юм. Хөгжим гэдэг шувуу юм. Жиргэн дуулагч шувуун өглөө эрт үүрнээсээ нисэн одож, үдэш орой үүрэндээ эргэн ирдэгчлэн дотоод сэтгэлийн ертөнцөд бурханлаг хөгжим нь аниргүй сүнсний дотоод гүнээс үүдэн эгшиглэдэг билээ.

Сэтгэлийн хөгжим нь Оройн Дээдгэгээнийг илэрхийлэх тул зүрх сэтгэлийг маань хоромхон хугацаанд сэрээж, урамшуулах эрдэмтэй юм. Сэтгэлийн хөгжим гэдэг өөрийгөө бурханлаг аргаар илтгэн харуулахыг эрмэл-зэх Гэрэл билээ. Энэ хорвоод мунхагийн түнэр харан-хуй нь өөрийгөө тунхаглан зарлахыг санаархдагчилан Гэрэл ч бас өөрийнхөө Бодит, Бурханлаг чанарыг онцгой аргаар илэрхийлэн тунхаглахыг эрмэлздэг. Гэрэл бол алив бүхний амин сүнс, хайрын амин сүнс, бүх урлагийн амин сүнс. Гэрэл өөрийгөө хөгжмийн эгшигээр дамжуулж, бурханлаг аргаар тунхаглавал тэрхүү хөгжим нь сэтгэлийн хөгжим болдог юм.

Хөгжим гэдэг дээд “Би”-гийн дэлгэрэл хийгээд нэгдэл билээ. “Би”-нь өөрийгөө хөгжмөөр дамжуулж дэлгэрүүлэн тэлэх агаад тэрхүү дэлгэрэн тэлэгч “Би” бол бодгал “би” бус хязгаарлагдашгүй дээд “Би” юм. Хөгжим гэдэг дээдийн Бодит үнэний түгэл, дэлгэрэл билээ.

Хөгжим сэтгэл зүрхний амьдрал хоёрыг ижилхэн төрсөн ихрүүд адил юм гэдгийг ухаарахын цагт хөгжим нь бидний дотоод сэтгэлийн амьдралд асар их тус нэмэртэй болдог. Үнэндээ бол хөгжим, сэтгэл зүрхний амьдрал хоёрыг ангид үзэж болшгүй юм. Биесээ түшин зэрэгцэн байдаг хоёр гар, хоёр нүдээ бид хэрхэн ангид тусдаа зүйлс гэж үзэж болох билээ? Хэрэв нэг нүд маань сайн харж чадахгүй байвал хараа маань муудаж байна гэж хэлдэг шүү дээ. Түүнчлэн хөгжим, сэтгэл зүрхний амьдрал хоёр хамтдаа явж, нэгнийхээ дутууг гүйцээж байх учиртай. Эрэлчин хүн дотоод гүндээ умбаж амьдрал хийгээд үнэн, бодит ахуйгаас зүйрлэшгүй их сэтгэлийн ханамж хүртэхэд нь хөгжим тус дэм болдог. Үүний хариуд сүнсний гэрэл болсон хүч чадлаа хорвоо дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд нь хөгжимд сэтгэл зүрхний амьдрал тус дэмээ хүртээнэ.

Сэтгэлийн хөгжим сонсох юмуу тоглоход тэр даруй дотоод ахуй маань өөдлөн өөдөлсөөр оргилын дээдэд хүрдэг. Тийнхүү улам дээшилсээр Чанадын оронд хүрнэ. Тэрхүү Чанад нь бид бүхнийг цаг үргэлж дэмжиж, биднийг удирдан залж, хэтийдсэн дээд дүр болсон жинхэнэ бурханлаг чанарт маань хүргэхийг эрмэлзэж байдаг. Сэтгэлийн хөгжим сонсох буюу сэтгэлийн сайхан аялгуу тоглоход дотоод ахуй маань өлмийгөөс зулай хүртлээ хамаг биеэрээ уяран хайлдаг. Бидний дотор, бидний биеэр ухамсрын мөрөн гол урсах агаад тэрхүү мөрөн гол үргэлжид ариун тунгалаг хэвээрээ мяралзан байдаг.

Хөгжим бол эрхэм чухагаараа залбирал, бясалгалын дараа орно. Бясалгал гэдэг зорьсон зорилгод хүргэх шулуун дөт зам лугаа адил бол хөгжим нь өргөн дардан замтай ижил юм. Ялимгүй тойруу, урт байж мэдэх хэдий ч энэ замд өчүүхэн ч бартаа саад гэж үгүй. Сэтгэлийн хөгжим тоглох юмуу сонсвол бясалгалын хүч арвиждаг. Яагаад вэ гэвэл хөгжим бол хүний тэмүүллийг нэмэгдүүлэх эрдэмтэй юм. Түүнчлэн сэтгэл зүрхний эрэлчин хүн хөгжимчин болохыг хүсвэл, хөгжмийн суурь боловсролгүй байсан ч сайн хөгжимчин болох боломжтой юм. Учир нь гэвэл залбирал, бясалгалд боломж бүхэн агуулагдаж байдаг. Хэзээ ч хөгжимд суралцаж байгаагүй ч хэрэв та сэтгэлийнхээ угаас залбирал, бясалгал үйлддэг бол Дээдгэгээний Ивгээлээр залбирал, бясалгалын тань дотроос хөгжмийн зүйрлэшгүй сайхан авъяас хүч тодрон гарах агаад тэрхүү хүчийг та өөрийнхөөрөө хэрэглэж болно.
Сэтгэлийн хөгжим эгшиглэх бүрийд бид урам зориг, баяр баясгаланг олно. Ухамсрыг маань ирмэх хормын дотор өндөр дээд ертөнцөд хүргэх хүч хөгжимд бий. Гэхдээ зөвхөн хөгжмөөр хязгаарлагдалгүй, хэрэв бид залбирал, бясалгал үйлддэг бол, сэтгэл зүрхний амьдралын замыг ухамсартайгаар дагадаггүй эгэл жирийн хөгжимд дурлагч хүнээс хавьгүй их гэгээрэл, биеллийг олох нь эргэлзээнгүй билээ. Дотоод сэтгэлийн хөгжимчин бүхэн энэ хорвоод Бурханы Гэрэлийг ухамсартайгаар түгээж байдаг. Бурхан бол сансрын Тоглогч, мөнхийн Тоглогч, харин бид түүний зэмсгүүд юм. Чухамдаа Дээдгэгээн л зөв зэмсгийг бүтээж, тоглогчоор мадаггүй зөв тоглуулж, хөгжимчнийг төрүүлдэг билээ.

Дотоод сэтгэлийн хөгжим бидэнд үнэнхүү тус нэмэр болж дотоод амьдралыг тэтгэдэг. Хөгжим бол асар хүчтэй. Гал түлж, шатаах гэмтэй боловч, галаар амтлаг сайхан хоол болгож, олон сайхан зүйл бүтээж болдог. Үүний нэгэн адил бурханлаг хөгжим ухамсрыг маань ахар богино хугацаанд ухамсрын өндөр дээд ертөнцөд хүргэдэг байхад харанхуйн хөгжим бидний ухамсрыг ахар богино хугацаанд доройтуулж, дотоод амьдралдаа улам хүчтэй болъё гэсэн эрмэлзлийг маань үгүй хийхийг санаархдаг. Дотоод амьдралын замыг дагагч хүн ийм хөгжмийн нөлөөнд амархан автаж болзошгүй байх тул зүрхнээс эгшиглэж, зүрхэнд хүрдэг тийм л хөгжим ухамсрыг хувирган өөрчлөх учиртайг ямагт санаж явах хэрэгтэй. Зүрх сэтгэлийн маань гүнийн гүнд хүрэх чадалтай тийм л хөгжим ухамсрыг маань дээшлүүлж чадна.

Сэрэхүй маань тогтворгүй байдгаас ухаан маань шаналан зовдог. Ухаан маань эргэлзлээр халгин байдгаас сэрэхүй маань шаналан зовдог. Сэрэхүйг аргамжин тогтоож, номхотгон барих хүч ухаанд үгүй юм. Тийнхүү самгардан сандрах ухааныг хөгжим авран хамгаалдаг. Хөгжмийн ачаар тэр сэрэхүйг барьж номхотгох агаад сэрэхүй, ухаан хоёул дээдийн гэрэл, амгалан, жаргаланд умбан баясдаг.

Түүнчлэн ухаан бодол өөрөө эргэлзлийн хоронд согтон хөлчүүрэхийн цагт түүнд итгэлийн рашаан уулган сэнхрүүлэх чадал сэрэхүйд үгүй байдаг. Тэр цагт мөн л хөгжим тус болно. Хөгжмийн ачаар сэрэхүй хувирч, гэгээрч, амгалан дөлгөөн болоход эргэлзэн тээнэгэлзэгч ухаан мөн хувиран өөрчлөгдөж, алив бүхнийг хүлээн авч чаддаг зүрхтэй бүрэн нэгдмэл болдог. Тийнхүү бидний Дотоод Жолоодогч - Дээдгэгээн Хөгжимчин бээр өөрийгөө хэмжээлшгүй хүч, хэмжээлшгүй баясгалантайгаар илэрхийлэн тунхаглах ба Тэрбээр Өөрийгөө тийнхүү бидний дотор, бидний биеэр илэрхийлэн тунхаглахад бурханлаг хөгжим нь орших ахуйн маань салшгүй нэгэн хэсэг болж, бид төгс Төгөлдөрт хүрдэг. Бидний дотор, бидний биеэр Дээдгэгээн Хөгжимчин шинэ ертөнцийг бүтээнэ. Бид өөрсдөө бурханлаг хөгжим болон хувирах агаад Бурханы хэтийдсэн Бодит Ахуйн шинэ зөн билиг нь бидний дотор, бидний биеэр илрэн тодорно.

Бясалгалын үеэр дотоод сэтгэлийн хөгжим эгшиглүүлж болох уу?

Бололгүй яахав. Гэхдээ бас бясалгал үйлдэгч хүнээс хамаарах хэрэг. Хэдийгээр гайхамшигтай сайхан бясалгал үйлддэг ч хөгжмийн мэдрэмжээ хөгжүүлээгүй эрэлчид олон байдаг. Чихэнд нь хөгжмийн эгшиг хоногшиж, дасал болоогүй тийм хүмүүсийн хандлага асар богино хугацаанд эрс өөрчлөгдчихнө гэж хүлээж болшгүй юм. Магадгүй хөгжмийг үнэлж сураагүйгээсээ эсвэл хөгжмийн тухай ямар нэг байдлаар эндүү ойлголттой явдгаасаа тэд тийм байдаг биз ээ. Зүрхний хөгжим тийм ч өргөн дэлгэрээгүй бол сүнсний хөгжмийг цөөн хэдэн хүн л үнэлж, дээдэлдэг. Тийм хөгжим эгшиглэхэд хүмүүс өөрсдийнхөө ухамсарт харийн зүйл нэвтрэн орлоо гэж үздэг. Гэтэл чухамдаа тэдний мөнхийн эзэн болсон сүнс нь дотоод гүнээс илтэд гарч ирэхийг эрмэлзэн хүлээж байдаг билээ.

Гүн бясалгалын үед бурханлаг хөгжим эгшиглэвэл бясалгалын царааг нэмэгдүүлж, өөдлөн дээшлэх ухамсарт түлхэц үзүүлдэг. Хэрэв та хөгжимд дуртай бол гэртээ бясалгал үйлдэх үедээ дотоод сэтгэлийн дууны аяыг тоглох юмуу дуу дуулбал гарцаагүй тус нэмэртэй байх болно.

Унтах үедээ дотоод сэтгэлийн хөгжмийн бичлэг сонсвол ямар нэг байдлаар тустай юу?

Унтаж байх үед дотоод сэтгэлийн хөгжим эгшиглэвэл нарийн тамир, нарийн бие, нарийн ухаан үүнд цэнгэн баясах болно. Гэвч бие махбод туйлын аниргүй орчинд амрахыг хүсэх тул төдийлөн үнэлэхгүй байж мэдэх юм. Хэдийгээр дотоод сэтгэлийн хөгжим гэдэг жинхэнэ дотоод аниргүйн чанартай боловч бие махбод гадаад байдлаар илрэх дуу чимээнээс аниргүй тийм л орчинг хүсдэг.

Хэрэв хөгжим намуухан эгшиглэж байвал унтаж, нойрсоогүй нарийн бие, нарийн тамирт тустай, урамтай байх нь гарцаагүй.

Бие махбод нойрсон амарч байх цагаар нарийн бие, нарийн тамир нойрсохгүй сэргэг байх нь олонтаа. Тэд нааш, цааш, энд, тэнд тэнүүчилж, анд нөхөд, атаат дайснуудтайгаа учирна. Миний хөгжим тэдэнд баяр баясгалан хүртээх нь дамжиггүй. Нарийн бие, нарийн тамир, нарийн ухаанд энэ бол үнэнхүү тустай. Гэтэл унтаж амрахыг хүсэх бие махбодод яршигтай, түвэгтэй санагдаж болох талтай.

Зураач юмуу хөгжимчин хүний эрхэм дээд үүрэг нь юу вэ?

Зураач, хөгжимчин хүмүүсийн эрхэм дээд үүрэг нь гэвэл бүтээлээ эхлэхийн өмнө бясалгал үйлдэх ёстой агаад бүтээлээ бүтээж байхдаа бясалгангуй бурханлаг ухамсар – төлөвтэй байх ёстой. Тийнхүү бүтээлээ өндөрлөсөн даруйдаа түүнийгээ Дээдгэгээнд өргөх учиртай. Түүний бүтээлийн тухай өрөөл бусад юу гэж хэлж, юу гэж бодох нь хамаагүй. Даруй Дээдгэгээнд өргөн барьж, тэрхүү бүтээлийг Өөрийнхөө таалсан ёсоор хэрэглэх боломжийг олгох учиртай. Энэ бол дотоод сэтгэлийн хөгжимчин болон зураачийн эрхэм дээд үүрэг мөн.

Бүтээлч үйлс гэдэг нэгэн төрлийн бясалгал мөн үү?

Юу бүтээж байгаагаас хамаарна. Хэрэв та дотоод сэтгэлийн уран зураг эсвэл хөгжим бүтээж байгаа бол энэ нь гарцаагүй бясалгалын нэгэн төрөл болдог. Хэрэв та харанхуйн хөгжим тоглож байгаа бол, хүн уншихын аргагүй мунхаг явдлаар дүүрэн ном бичиж суугаа бол аль эсвэл өнгийж харахын аргагүй хог новшоор дүүрэн муу муухай бодол эргэлдүүлэн зураг зурж суугаа бол үүнийг тань хэрхэвч бясалгал гэж нэрлэж болшгүй юм. Хэрэв та дотоод гүн утгатай дуу дуулж байгаа бол, хэрэв та бүтээлээ бүтээхдээ өндөр дээд урамсартай байгаа бол, хийж буй зүйлдээ өөрийгөө бурханлагаар зориулж байгаа бол үүнийг тань гарцаагүй бясалгал гэнэ. Юу бүтээж байгаа, мөн тэр үедээ ямар ухамсартай байгаагаа л анзаарч мэдэх хэрэгтэй.

Тэмүүлэлт амьдралдаа би хөгжмийг маш их чухалчилдаг
Хөгжмөөсөө та тэмүүллийг мэдэрч байгаа бол үүнд буруу гажуу зүйл огт үгүй. Гэхдээ өдрийн хэдэн цагийг хөгжмийн тухай бодож өнгөрүүлж байгаагаа цэнж үзэх хэрэгтэй. Тухайлбал өдөрт тав зургаан цаг магадгүй бүр долоон цагийг хөгжимдөө зориулдаг бол нэг хоёр цагийг дотоод сэтгэл зүрхний амьдралдаа зориулах хэрэгтэй. Хөгжим бол сэтгэл зүрхний амьдралын нэгэн хэлбэр гэдэг нь үнэн. Үүнийг би огт үгүйсгэхгүй. Гэхдээ хөгжим тоглоод хүрч чаддаггүй тэр өндөрлөгтөө бясалгалаар хүрч болно шүү дээ. Тэр өндөрлөгт хүрэх замд хөгжим тус дэмтэй байдаг.

Хэрэв та дотоод сэтгэлийн хөгжим тоглодог бол ямар ч хүндрэл бэрхшээл тулгарахгүй. Харин хорвоогийн эгэл жирийн хөгжим тоглож байгаа бол сэтгэлийн ханамж олохгүй байж болох талтай. Та гадаад ертөнцийг баясгаж болох хэдий ч өөрийнхөө Дотоод Жолоодогчийг таалсанчлангаар нь баясгаж чадахгүй. Хэрэв та тэмүүлэлт эрэлчин биш бол юм бүхэн хэвийн байх болно. Харин чин үнэн сэтгэлтэй эрэлчин бол өөрөө л сэтгэл гонсгор үлдэхэд хүрдэг.

Хөгжим тоглоход миний гурав дахь нүдний орчимд ямар нэг зүйлээр дарж байгаа юм шиг мэдрэгддэг.

Энэ бол сэргэлтийн шинж. Гэвч гурав дахь нүд нээгдэх гэж байгаа хэрэг биш. Чин сэтгэлийнхээ угаас хөгжим тоглоход таны дотоод зөн билгийн мэлмий тодрон гардаг. Зөн билиг таны дотор бий боловч нээгдээгүй нойрсож байгаа юм. Харин одоо унтах нойрноос сэрэхийг эрмэлзэж байна. Тиймээс дотоод зөн билиг идэвхжиж эхэлдэг. Гурав дахь нүдний зөн билиг нь тодрон гарахыг чармайж байгаа учраас та тийм зүйл мэдэрч байгаа хэрэг. Энэ бол маш сайхан мэдрэмж юм.

Аниргүй анир гэж юу вэ? Энэ нь илтэд тунхаглагдсан хийгээд тунхаглагдаагүй ертөнцүүдийг хооронд нь холбож чадах уу?

Яг одоо бол гадаад ертөнц нь дотоод ертөнцийг ухаарч, мэдээгүй байна. Тиймээс юуны өмнө гадаад ертөнц нь дотоод ертөнцийг бүрэн дүүрэн ухаарч мэдээд дараа нь дотоод ертөнцийн ерөөлт айлдваруудыг сонордон хүлээж авах учиртай. Тэр цагт аниргүй анир нь хүн төрөлхтний төлөө бурханлаг аргаар зүтгэж эхлэх боломжтой юм. Эдүгээ тэрхүү аниргүй анирыг цөөхөн хэдхэн Үнэний эрэлчид, Бурханыг хайрлагчид сонордон сонсох чадвартай байна. Энэ бол дотоод нээлт. Энэхүү дотоод нээлтийг илэрхий гаргаж ирэх шаардлагатай бөгөөд үүний тулд гадаад ертөнц ухамсартайгаар сэргэж, дотоод ертөнцийн гуа сайхныг бишрэлтэйгээр угтан авах ёстой.

Аниргүй анир гэдэг туйлын үнэн бодит боловч түүнийг бид зөвхөн дээдийн дээд ухамсартаа хүрсэн үедээ эсвэл зүрхнийхээ гүнийн гүнд хүрсэн үедээ сонсох боломжтой юм. Аниргүй анир бол хүний бүтээж чадах хамгийн хүчтэй дуу чимээнээс ч хэмжээлшгүй их хүчтэй боловч одоо бол зөвхөн дотоод ертөнцөд л сонстоно. Дотоод ертөнцөд чөлөөтэй нэвтрэн хүрэх чадвартай хүн бол түүнийг сонсох боломжтой. Тэд түүнээс илэрхий их ашиг тусыг хүртээд зогсохгүй эрэлчид болон Бурханыг хайрлагчдын дотор залрах Бүтээгч Бурхан хийгээд бүтээл Бурханд өөрийгөө зориулан зүтгэх үйлст нь маш их тус дэм болдог.

Аяа хайрын хөгжим
Чамаас би
Дотносохуйн нууцыг мэдэв.

Аяа хүсэл зоригийн хөгжим
Чамаас би
Ирээдүйн бүтээлийн нууцыг мэдэв.

Аяа аниргүйн хөгжим
Чамаас би
Орчлонгийн нэгдлийн нууцыг мэдэв.

Аяа огоорлын хөгжим
Чамаас би
Бүтээлийн төгөлдөржлийн нууцыг мэдэв.


Аялгуут дуу хичнээн олныг
Дуулсан билээ би энэ хорвоод?
Ахин гэтэл хичнээн дуу
Дуулах учиртай юм бэ?
Дотроо ч, гаднаа ч
Дуулах дуугаараа би өөрийгөө л эрнэм.
Өвдөж шаналсан зүрх минь цурхиран уйлна.
Өөрийн минь Үнэн Дүр гэвч
Үзэгдэхгүй нуугдсаар л.
Амьдралын зах хязгааргүй далайд
Орь ганцаараа би хөвөн сэлсээр л.


You are nothing but beauty, eternal beauty,
Wherever I turn my eyes.
Do You always drink the nectar
Of Your Self-Form
Residing in my eyes?
The waves of tune
And sweet and melodious songs
That create heart-elevating resonance,
O Beloved, do You hear them
By using my ears?