SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Сонголт

Багш аа, амьдралд сонгох ёстой нэг л үндсэн сонголт байдаг гэж та хэлсэн. Тэр сонголт юу юм бэ?

Өөрийнхөө тухай бие махбод байна эсвэл сүнс байна гэж бодох нь таны сонголтын хэрэг. Өөрийгөө бие махбод гэж сэтгээд, тэгээд бас тэмүүлдэггүй бол сэтгэл зүрхний амьдралд та амьгүй үхмэл хүн юм. Харин та өөрийгөө сүнс мөн гэж боддог бол Бурхантай дотоод холбоо тогтоочихсон байгаа гэсэн үг.

Багшийгаа сонгохын тулд эрж хайж явах хэрэг юундаа байдаг юм бэ?

Танд юу хэрэгтэй вэ гэвэл дотоод жолоодлого, гадаад бататгал хэрэгтэй. Таныг залж жолоодохын зэрэгцээ, сүнсний эрхмийн дээд эрмэлзлийг биелүүлэхийн төлөө урагшлан ахихад тань цаг үргэлж урамшуулж, зоригжуулж, тэмүүллийг тань бадрааж байх хүн танд хэрэгтэй. Багшаа эрж хайх дотоод эрмэлзлээ хэзээ ч бууруулахгүй хадгалаарай. Тэгвэл маргааш ч юмуу, хэд хоногийн дараа ч юмуу Багшаа та гарцаагүй олох болно. Сэтгэл зүрхний Багш нарын унших лекц, хөтлөх бясалгалд очих боломж бий бол тийм боломжийг алдаж өнгөрүүлэхгүй байхыг хичээгээрэй. Танд дотоод сэтгэлийн баяр баясгаланг бэлэглэж, сэтгэлийг тань тааламжтай болгож байгаа хүн бол таны Багш мөн юм.

Тэгэхээр Гүрү-Багшийг сонгоход түүний хүртээж буй баяр баясгалан нь хамгийн чухал шалгуур болно гэж та хэлж байна уу?


Танд хэмжээлшгүй их баяр баясгаланг хүртээж буй Гүрү бол таны жинхэнэ Багш мөн. Дөрвөн хүн өөдөөс тань ирж явна гэж саная. Та мэдээж дөрвүүлэнг нь харна. Тэдний дундаас нэг нь л таны анхаарлыг онцгой татах бөгөөд чухам яагаад анхаарлыг тань тэгж их татаад байгааг та мэдэхгүй. Бусдаас онцгойрч анхаарлыг тань татаад байгаа нь та хоёр дотоод холбоотойн илрэл. Түүнчлэн та хэн нэг сэтгэл зүрхний Багштай уулзаад түүнийг урьд нь таньдаг байсан юм шиг санагдаж мэднэ. “Энэ хүнийг би танина” гэсэн мэдрэмж таны дотроос төрж болно.