Бурханлаг ч бай, хүмүүнлэг ч бай хайр гэдэг бол нэг л ижил зүйл гэж би итгэдэг. Ингэж итгэх нь зөв үү?
Үгүй дээ, залуухан анд минь. Хүмүүнлэг хайр, бурханлаг хайр хоёр туйлын их ялгаатай. Хэрэв би чамд арван таван цент өгвөл хариуд нь чи надад чихэр өгөх ёстой. Энэ бол хүмүүнлэг хайр юм. Харин бурханлаг хайр бий бол чи надаас арван таван цент хүлээлгүйгээр чихрээ баяртайгаар өгнө. Бурханлаг хайр гэдэг бол өргөл. Энэхүү өргөлөөрөө чи ухамсартайгаар юмуу ухамсаргүй байдлаар Бурханы Тааллыг бие-лүүлдэг. Хүмүүнлэг хайраар бид хувийн сонирхлоо гүйцэлдүүлж, худалдагч худалдан авагчийн дүрийг харуулдаг. Гэхдээ хүнээс бурханлаг хайр гардаггүй гэж хэлээгүй юм шүү. Бурханлаг аргаар хайрлах чадвар хүнд бий бөгөөд заримдаа тийм хайрыг гаргадаг. Гэвч хувиршгүй бурханлаг хайр өнөөгийн энэ хорвоод тун ховор юм.
Хайр маань тамираас үүдсэн үү эсвэл цэвэр ариун хайр уу гэдгийг хэрхэн ялгаж мэдэх вэ?
Хайр тамираас үүдсэн эсвэл цэвэр ариун гэдгийг ялгаж мэдэхэд тун амархан. Хэрэв хайр тань тамираас үүдэлтэй бол өрөөл бусдад өгсөн хайрынхаа хариуд ямар нэг зүйлийг санаатайгаар юмуу санамсаргүй байдлаар шаардаж, хүлээдэг. Хайр цэвэр ариун дотоод сэтгэлээс үүдсэн бол хариуд нь юу ч шаардаж, горьдохгүй. Хайрлаж буй хүн юмуу тухайн зүйлтэйгээ нэгдсэн гэдгээ л мэдэрнэ.
Өрөөл бусдад тамираас үүдсэн хайрыг бус зүрх сэтгэлээс үүдэх ариун хайрыг зориулах боломжтой юу? Ариун хайраа хэрхэн ухамсартайгаар түгээх вэ?
Тамираас үүдсэн ариун бус хайрыг бусдад өгөхөөс зайлсхийх бүрэн боломжтой төдийгүй гарцаагүй шаардлагатай. Эс тэгвэл мунхгийн асар их хүчтэй тулгарахад хүрнэ. Өрөөл бусдыг эзэмдэж аргамжихын тулд бус өөрийнхөө болон өрөөлийн ухамсрыг өргөжүүлэн тэлж, чөлөөлөхийн тулд энэрч хайрлах ёстой.
Цэвэр ариун хайраа өрөөл бусдад хэрхэн ухамсартайгаар түгээх вэ гэдгийг та мэдэхийг хүсч байна. Хүмүүстэй ярилцах юмуу хүмүүсийн тухай бодох үедээ тэдэнд амь амьсгалынхаа нэгэн хэсгийг өгч байна гэж мэдэрвэл ариун хайраа ухамсартайгаар өгөх боломжтой болдог. Өөрийгөө та хорвоо дэлхийтэй хагацаж салшгүй бүрэн төгс нэгдмэл гэж мэдэрч байгаа учраас амь амьсгалынхаа нэгэн хэсгийг өгч чадаж байгаа юм. Нэгдэл хаана байна, тэнд цэвэр ариун хайр бий.