SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Бахархал

Хүмүүнлэг болон бурханлаг бахдалын тухай хэлж өгнө үү?

Алив бүхнийг хийж чадна гэж хүмүүнлэг бахдал минь боддог. Агуу Бурханы Таалал дор өөрийгөө огоорон хүлцсэн бурханлаг бахархал минь харин алив бүхнийг гагцхүү Дээдгэгээний урамшуулал, жолоодлого, элбэрлийн үрээр хийж бүтээж чадна гэдгээ мэддэг.

Өөрийг минь, хайр энэрлийг минь, өргөл тусламжийг минь зон олон ойлгоосой гэж хүмүүнлэг бахдал хүснэ. Бурханы дотор буй бүхэнтэй нэгдмэл болохоо мэдэрдэг бурханлаг бахархал минь харин өөрийгөө умартсан зүтгэлийг минь олон түмэн ойлгож мэдээсэй гэж үл хүснэ. Бурхан л намайг ойлгож, үйлсийг минь мэдэж байвал түүнээс илүү шагнал үгүйг тэр ухаарна.

Амьдралын буцлам халуун зовлон тэмцэл эргэлзлийг хүмүүнлэг бахдал минь халбагадах ч үгүй залгилж орхино. Түүний үрээр хэл минь тунчиг айхавтар түлэгдэж гэмтэх нь юутай халаг. Тэнгэрлиг бахархал минь ч бас түүнийг ууна. Бүр зүйрлэхийн аргагүй ихийг ууна. Гэвч халбагадаж уухын учир өвчин зовлонд нэрвэгдэх нь үгүй. Халбагадаж буй халбага нь хэмээвээс мунхгийн дөнгөнөөс чөлөөлөгдсөн чөлөөллийн халбага билээ.

Хэлэхээсээ айж, хийхээсээ зовнидог юм хүмүүнлэг бахдалд минь олон. Гэтэл бурханлаг бахархалд минь хэлэхээсээ айж, хийхээсээ зовних зүйл гэж огт үгүй аж. Учир нь Бурхан гэдэг Үйлдэгч агаад үйлс болохыг тэр мэддэг юм. Хэнээсээ би айх билээ? Юундаа би зовних билээ?

Хүнд буй өчүүхэн хүчээрээ хүмүүнлэг бахдал минь зон олныг довтлон дайрдаг. Бурханы хайрласан Хүчээр бурханлаг бахархал минь хүн төрөлхтнийг чөлөөлдөг.
“Бурхан бол минийх. Бурханыг би хүссэнээрээ захирч чадна” гэж бодохдоо би хүмүүнлэг бахдалаа өөгшүүлж байдаг. Өөрөө би Бурханых, орших ахуй минь Бурханы Зарлигийг дагаж, Бурханы өлмийд буй гэж бодохдоо би бурханлаг бахархлаа тэтгэн дээдэлж байдаг.

Хүмүүнлэг бахдалд минь хандаж эгэл хорвоо ийн хэлнэ: “Хамтдаа бид амжилтанд хүрнэ. Үгүй бол арга мухардаж мөхнө.” Бурханлаг бахархалд минь дотоод сэтгэлийн ертөнц ийн айлдана: “Хамтдаа бид чармайж, хамтдаа бид амжилтанд хүрнэ.”