SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Хойт төрөл

Бид бүгдээрээ хувьсал, дэвшиж яваа гэж та ярьсан. Тэгвэл энэ үйл явц хаанаас эхэлсэн бэ? Эхлэл гэж байсан уу?

Бурханы Баясгалангаас бид хорвоод ирсэн. Орчлон үүсэхээс эхлэн бид чулуу, ургамал, адгуусан төрлөөр дамжин хөгжсөн. Эдүгээ хүн төрлийг олсон ч адгуусан чанараа хадгалсаар л байна. Зарим хүн өрөөл бусдыг бүрэлгэн бусниулж, гай зовлон учруулах зэргээр хэрцгий догшин авираа эрээ цээргүй гаргах нь бий.

Харин сүслэн тэмүүлэгч хүн өөр байдаг. Тэрээр дорд буурай чанараа гээж, амгалан, баясгалан, хайрын тэнгэрлиг чанараа ухамсарлан байхыг эрмэлздэг.

Та яагаад хойт төрөлд итгэдэг юм бэ? Насан эцэслэснийхээ дараа Бурханд очихоо би сайн мэднэ. Тэгээд л болоо.

Анд минь, та биеэ орхиж яваад Бурханд очдог бол би ч бас тэгнэ. Бүгдээрээ ухаалаг байя. Бурханд очих нь бидний хэрэг. Биднийг Тэнгэрт байлгах уу, дэлхий рүү илгээх үү гэдэг Бурханы хэрэг. Бурханы өмнө өөрийгөө огоорч, Түүнд Өөрийн Тааллыг Өөрийнхөө аргаар бидний дотор биелүүлэх боломж олгох нь хамгийн зөв зам. Хойт төрөл гэж байдаг, эс байдаг тухай таамаг бүхнээ орхиж, хамгийн чухал зүйлээ хийцгээе. Түүний Таалал болоод Ухамсартай нэгдмэл байцгаая.

Төрөл авах гэж байгаа сүнс хэн нэгний албадлаганд автсан байдаг уу, эсвэл төрөл авах шийдвэрээ өөрөө гаргадаг уу?

Бие махбодыг орхисныхоо дараа сүнс тамир, ухаан, сэтгэлийн давхрагыг дамжин явсаар өөрийнхөө ертөнц рүү буцдаг. Дээдгэгээнээс ондоо хэн ч сүнсийг хойт төрөл авахад нь албадаж чадахгүй. Албадах хүч Дээдгэгээнд байдаг ч гэсэн тэгдэггүй. Дээдгэгээн бол ерөөсөө хэнийг ч юунд ч албаддаггүй. Энэ дэлхийд байх хугацаандаа Бурханыг сэтгэл тааламжтай болгох эгээрэл сүнсэнд бий. Зарим сүнс арав хорь, тэр бүү хэл тавь жаран жилээр амардаг байхад дорвитой хөгжөөгүй, хорвоогийн эгэл хүсэлд гүнзгий автсан зарим нь хурдан эргэж ирдэг. Хурдан эргэж ирсэн ч гэсэн огт сэтгэл зүрхний амьдралын замаар замнадаггүй, тунхаглалын энэ хорвоод зөвхөн хүслээ гүйцэлдүүлэхийн төлөө амьдардаг.

Бид хир удаан хойт төрөл дахин дахин авах вэ?

Тэмүүлэлт хүн гэгээрлийн цагаа наашлуулдаг. Харин эгэл хүн жинхэнэ гэгээрэлд хүртлээ олон зуун төрөл дамжина. Сэтгэл зүрхний замаар ухамсартай замнаж, дотоод дуудлагынхаа хүчээр өөрийгөө сахилга батжуулахыг хичээдэг тэмүүлэлт хүмүүсийн гэгээрэл дотоод амьдралыг эс ухамсарлан, нойрсогчдоос эрт ирэх нь гарцаагүй.