SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Шашин

Шашин гэж юу вэ?

Шашин гэдэг биднийг Чанадын зүг хөтлөгч зөн билгийн үйлс билээ. Шашин хэмээвээс совин мэдэл. Шашин гэдэг нь бидэнд туйлын танил, ойр дотно, зүрх сэтгэлд маань эрхэм байдаг билээ. Түүнийг тодорхойлон тайлбарлах шаардлага үгүй.

Шашин гэдэг мухар шүтлэг, хийрхэл биш. Хамгийн ариун мөн чанартаа бол шашин гэдэг нь орчлон дахины нэгдмэл чанарыг илэрхийлэгч Үнэнийг мэдрэх мэдрэмж. Хийрхүү хүн Үнэнийг жинхэнэ дүрийг хэрхэвч харах эрдэм чадалгүй юм. Хамгийн сүржин уран дүрслэлээрээ ч тэрхүү Үнэнийг харах хувь заяа түүнд үгүй. Хийрхүү хүний зүгээс энэ хорвоо дэлхийд зориулах эрхэм нандин юм юу ч үгүй билээ. Яагаад гэвэл тийм хүн зүрх сэтгэлийнхээ үүдийг цэлийтэл нээлттэй байлгаж чаддаггүй, сүнстэйгээ холбоотой байж чаддаггүй.

Жинхэнэ шашны шинж чанар юу вэ?

Өршөөл, нигүүлсэл, ууч байдал, ах дүүсэг харилцаа, орчлон дахин нэгдмэл гэдгийг ухаарах ухаарал – энэ бүхэн жинхэнэ шашны мөн чанар билээ. Хэрэв хүн аливаад эвийн сэтгэлээр ханддаг бол шашин бүхний язгуур үндсийг мэдэрч чадна. Тэрхүү үндэс нь юу вэ гэвэл Бурханыг хайрлах хайр юм.

Хиндүгийн ёсонд Аатман нь Браамантай эн тэнцдэг өөрөөр хэлбэл бодгал сүнс Орчлонгийн Сүнстэй эн тэнцүү гэж үздэг. Йисүс Христ нэгэнтээ, “Би болоод миний Эцэг бидэн хоёр нэг” хэмээн айлдсан нь бий. Сэтгэл зүрхний өөр өөр хөрс сууринаас гарсан энэ хоёр айлдвар сэтгэл зүрхний мөн чанараараа ижил үү?

Эдгээр нь нэгэн айлдвар юм. Аатман ба Парамаатман бол бодгал сүнс ба Дээд Би юм. Бурхан бээр тунхаглалын ертөнцөд бууж ирээд бодгал сүнсний буюу Аатман дүрийг олдог. Бодгал сүнс тэндээс ахин дэвшиж хувирсаар Дээд Би буюу Парамаатманд хүрч түүний дүрд хувилдаг. Биет ертөнцөд Өөрийгөө бүрэн төгс биелүүлэхийн тулд Бурханд бодгал сүнс хэрэгтэй байдаг.
Эдгээр айлдварууд ижилхэн юм. “Би болоод миний Эцэг бидэн хоёр нэг” хэмээн Христийн айлдсан нь Аатман, Парамаатман хоёр нэг юм хэмээх айлдвартай утга нэгэн билээ. Тиймийн учир Энэтхэгт бид Аатманам Виддхи (Atmanam Viddhi) – “Өөрийгөө мэдэгтүн” хэмээн ярилцдаг.