SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Гэгээнтэн

Хэрэв хүн өөрийнхөө ухамсрыг хувиргаж, Орчлонгийн Ухамсартай өөрийгөө адилтгаж чадсан бол бусдын хүндлэл бишрэлийг хүлээх нь гарцаагүй. Гэтэл өндөрт гарсан хүний дүр үзүүлж явдаг галзуу солиотой хүмүүс бий. Тийм гэгээнтэн галзуу хоёрыг яаж ялгах вэ?

Гэгээнтнүүд бурханлаг онгодонд согтсон байдаг. Агуу гэгээнтнүүд сэтгэл зүрхний төгөлдөржилд хүрэхдээ үнэр тансаг рашааныг хүртдэг юм. Тэд жаргалангаар бялхах ухамсрын ертөнцөд амьдрах агаад энэ хорвоо дэлхийд жаргалангийн их далай цалгилан байгааг мэдэрдэг. Заримдаа асар өндөр дээд ертөнцөөс хүртсэн Ананда буюу дээдийн жаргалангаас энэ дэлхийд буулган авчрахыг оролдох ба ингэх нь хэцүү гэдгийг ухаардаг. Тэрхүү жаргалангийн хамтаар биет ертөнцөд байх нь хэцүү гэдгийг мэдрэх үедээ богино хугацаагаар ердийн ухамсраа гээж, хэвийн байдлаа алдаж, мартамхай болж болох юм. Тийм үедээ нэрээ мартах зэргээр хэвийн бус болох тул хүмүүс үүнийг нь хараад галзуу солиотой хүн байна гэцгээдэг.

Ердийн галзуу солиотой хүн бол оюун ухаан, тамир, бие махбодын хувьд хэвийн бус байдаг. Юу хийх, юу хэлэх, яаж хөдлөхөө огт мэддэггүй. Тэдний ахуй бие болон биет ертөнц хоорондын холбоо бүрмөсөн тасарсан байдаг. Тиймээс түүний хэлсэн, хийсэн зүйл нь Орчлонгийн ухамсартай зохирдоггүй. Бид бүгдээрээ Орчлонгийн Ухамсар дотор амьдарч байгаа ч үүнийгээ ухамсарлахгүй байж болно. Гэсэн ч Орчлонгийн Ухамсрын хууль дүрмээс гажууддаггүй. Галзуу солиотой хүн мөн л тэрхүү Ухамсрыг ухамсарлахгүй. Дээрээс нь өөрийнхөө мунхгаас болж Түүний хуулийг зөрчдөг юм.