Муу бодлын довтолгооноос сэргийлэх хамгийн сайн арга юу вэ?
Ямар бодлыг хянах хэрэгтэй вэ гэвэл бүтээлч бус, хор хөнөөлтэй, сөрөг чанартай бодлыг хянах хэрэгтэй. Ийм бодол гаднаас бидэнд нэвтэрч болно, эсвэл дотор хадгалагдаж байгаад сэргэж гарч ирж болно. Гаднаас ирэх бодлыг хянах нь дотроос гарсан бодлыг хянахаас хялбар байдаг. Бурхангүй харанхуй бодол гаднаас хүрч ирвэл өөрсдийгөө бид хуяг дуулгаар хамгаалагдсан гэж төсөөлөх хэрэгтэй. Ялангуяа дух магнайг дуулгаар хамгаалагдсан гэж төсөөлөх хэрэгтэй. Дух магнай хамгаалагдаагүй, хэврэг, ил байна гэж мэдрэгдэх үед ямагт буруу бодолд автдаг. Харин дух магнайгаа бат бөх дуулгаар хамгаалсан гэж ухамсартайгаар мэдэрч чадвал муу бодол нэвтэрч орж ирдэггүй.
Дотогш нэгэнт нэвтрэн орсон бодлуудыг гаргаж хаяхад хавьгүй хэцүү юм. Ухамсраа өргөжүүлж тэлснийхээ ачаар тэдгээрийг гаргаж хаях боломжтой. Бие махбодын дотор буруу хүч нэвтрэн орж, тэдгээр нь бодлын дүрээр илрэн гардаг. Тэгэхээр яах ёстой вэ гэвэл бие махбодын ухамсрыг дэлгэж сунгаж болдог зөөлөн эд байна хэмээн төсөөлж хязгааргүй том цагаан хуудас болтол нь татаж дэлгэх хэрэгтэй. Хэрэв үүнийг гүйцэтгэж чадвал ухамсар маань ариусах болно.
Ариун бодол, ухамсрын ариун дусал бүхэн ариун бус, буруу бодлын эсрэг үйлчлэх хортой ижил юм. Бид ариун бус бодлоос айдаг, гэтэл ариун бус бодол нь ариун чанараас бүр ч их айдаг.