Алдхан биений эс ширхэг бүхнээ
Асралт Түүний хэмжээлшгүй Ивгээл мэдрэгдэнэ.
Амин зүрхний гүнийн гүнээ
Амьдралын Үнэн туяаран гийнэ.
Тэнгэр Бурханы нууцлаг өндөр өөд
Тэмүүлж аснам миний сүнс.
Дүнсгэр гуниг, өвчин зовлон, үхэл хагацал
Нүдэнд минь ер үзэгдэхээ больжээ.
Үхэл хагацал дагуулсан эгэл хоног өдрүүд
Үнэнхүү тогтуун амгаланг минь бусниулж үл дийлнэ.
Өндөр дээдээс гийсэн Гэрэл
Нууцлаг сүнсийг минь тэтгэнэ.
Өөрийн минь дотор сэтгэлээс
Эргэлзэл, гуниг тонилон зайлжээ.
Эгээрэн хүссэн хэтийн Зорилгодоо
Гал цогт нүд минь нэвтлэн шингэжээ.
Эгэлхэн хорвоод би амьдравч
Гуниг гутралд үл автана.
Эрх чөлөөт их далайн гүнд
Өөрийн дураар сэлнэ.
Ухаан санаа минь Түүний
Хэмжээлшгүй их Бодлын гол цөм нь болов.
Уужим тэнүүн одот тэнгэр
Амгалан сүнсийг минь тэврэн угтав.
Цахилан урсах цаг хугацааны дотроос
Мөнхийн өдрүүдээ би олов.
Цангинам яруу Түүний лимбээр
Эгшиглүүлж би наадав.
Огтын боломжгүй хэрэг явдал
Боломжгүй байхаа больсон мэт санагдана.
Олон олон төрөл үхлийн хэлхээнд
Үхэлгүй Мөнхжин гэрэлтэн гийнэ.
Шри Чинмойн ‘Миний Лимбэ’ номноос